БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр буюу долдугаар сарын 29-нд зохион байгуулагдсан Рубик шооны “Beijing Summer 2018” тэмцээнд нийт 350 тамирчин өрсөлдсөн юм. Үүнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн багш Э.Эрдэнэмандах амжилттай оролцон “Хөлөөр эвлүүлэх” төрөлд 4-р байрт шалгарлаа.
Тэрээр улсын дээд амжилтыг 30 секунд болгон шинэчилснээс гадна дэлхийн чансаанд 30 дугаарт, дундаж үзүүлэлтээрээ (39,05 секунд) дэлхийн чансаанд 40 дүгээрт бичигдэн тус төрөлдөө Монгол Улсын хамгийн өндөр чансаатай тамирчин боллоо.
Хэрвээ бэлтгэл дээрх дундаж үзүүлэлтээ үзүүлж чадсан бол тэрээр энэ тэмцээнд түрүүлэх ч боломжтой байсан юм. Бага зэргийн сандрал орчны нөлөөллөөс болж нэлээд хэдэн алдааг гаргасан ч дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргах боломж байгааг харуулсан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн амжилттай тэмцээн болж өнгөрлөө.
Э.Эрдэнэмандах багш наймдугаар сарын 19-нд Тайваньд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлдэж байна.