МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж энэ сарын 29-нөөс эхлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллаж, орон нутаг дахь Мэргэжлийн хяналтын газар, хилийн боомтын хяналтын үйл ажиллагаатай танилцаж байна.
Өнөөдөр хөдөө орон нутаг ялангуяа сумдад чиглэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нараар дутмаг байгаа нь тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ \”Манайд авто зам, байгаль орчин, газрын харилцааны хяналтын байцаагч олдохгүй байна. Ялангуяа сумдад мэргэжилтэй боловсон хүчинг олж байцаагчаар ажиллуулна гэдэг нь хүнд асуудал байх юм” гэж байлаа.
Түүнчлэн хөдөө орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораториудын хувьд хүн хүчний хүрэлцээ дутмагаас нэг хүн хоёр хүний ажлыг давхар хийсээр ирсэн нь ердийн үзэгдэл болжээ. Энэ тухай Дорнод аймгийн МХГ-ын нэгдсэн лабораторийн эрхлэгч Ц.Гантуяа \”Бүтцийн өөрчлөлт хийхэд хамгийн түрүүнд төрийн үйлчилгээний ажилтнууд өртдөг. Шил угаагч, үйлчлэгч нарыг халснаар шинжээчид өөрсдийн сорьцийн шилээ угаахаас гадна, үйлчилгээ цэвэрлэгээгээ давхар хийдэг. Ингэснээр ариутгал халдвар хамгааллын дэглэм хуулиа зөрчих болдог. Гэтэл манай лабораториор үйлчлүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын зүгээс хяналтын байгууллага нь өөрөө хууль зөрчин ажиллаж байгаа нь эргээд танай хийсэн сорилтын дүнд итгэхэд бэрх байна гэх асуудлыг хөнддөг боллоо” гэдгийг МХЕГ–ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржид хэлсэн юм.
Мөн орон нутгийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаа ажилтан, улсын байцаагчдын хувьд МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржид тавьсан санал гомдол нь тэдний нийгмийн асуудал руу чиглэж байлаа. Тухайлбал, Дорнод аймгийн МХГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн байцаагчид сүүлийн таван жил дүрэмт хувцасны хангалтаа аваагүй. Тиймээс улсын байцаагчид нь цалингаасаа 350 000 төгрөгөөр дүрэмт хувцас бүр улсын байцаагчийн тамгаа хүртэл хувиараа хийлгэсэн тухайгаа ярьж байлаа. Гэтэл төрийн хяналтын чиг үүрэгтэй бусад байгууллагуудын улсын байцаагчид нь дөрвөн улирлын хувцасны хангалтаа авахын зэрэгцээ, цаг тухайд нь зэрэг дэвийн нэмэгдлүүдээ хүртдэг аж. Энэ мэтчилэн тэд төрийн зүгээс хяналтын чиг үүрэгтэй ажилладаг байгууллагуудынхаа байцаагч нартаа ялгавартаа хандаж, нийгмийн асуудал нь орхигдсонд сэтгэл дундуур явдгаа нуусангүй гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Нинж