Ирэх есдүгээр сард уншигчдын хүртээл болох “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ. 36 настай алдартай дуучин бүсгүй ярилцлагадаа өөрийн бие, жирэмслэлтийнхээ талаар, мөн амьдралынхаа бусад нарийн ширийн зүйлсийн талаар илэн далангүй ярьсан байна. Энэхүү ярилцлага нь тус сэтгүүлийн оны хамгийн чухал сэдэвт тооцогдож байгаа аж.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлийн ярилцлага, өгүүлэл, гэрэл зургуудыг бүрэн хянаж дууссан байна. “Vogue”-ийн нүүр хуудсанд гарах түүний зургийг тус сэтгүүлийн анхны хар арьст гэрэл зурагчин, 23 настай Тайлер Митчелл авчээ. Харин Бэйонси Нөүльс уг сэтгүүлийн нүүр хуудсанд гарч буй анхны Африк-Америк гаралтай хүн болж байгаа аж.
Тэрээр “Анхны хүүхдээ төрүүлсний дараа олон нийт миний биеийг хэрхэн харагдах ёстой, тэр байдлаар нь харуулахыг хүссэн. Тиймээс өөртөө маш их ачаалал өгч, жирэмсэн болохдоо нэмсэн жингээ гурван сарын дотор хасч байлаа. Одоо эргээд бодоход үнэхээр солиотой. ” хэмээн ярьжээ.
Техасаас гаралтай дуучин бүсгүй мөн Руми, Сир ихрүүдээ төрүүлэхдээ гурвуулаа маш хүнд байдалд байсан тухайгаа өгүүлсэн байна. Төрөхийн өмнөх хүндрэлээс болж ийнхүү өвдөж байхдаа нэг сар гаруй хугацааг хэвтэрт өнгөрүүлжээ.
Тиймээс л энэ бүхний дараа бие махбодоо хүссэнээр нь байлгаж, махлаг биендээ сэтгэл хангалуун байх болжээ. “Тэр үед миний гар, мөр, цээж, гуя гээд биеийн бүхий л хэсэг махлаг болсон байлаа” хэмээн өгүүлсэн юм.
Бэйонси ийнхүү хар арьст залуухан гэрэл зурагчнаар зургаа авахуулахыг зөвшөөрсөн тухайгаа, мөн цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Б.Болормаа