Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр долдугаар сарын 27-нд болсон Монгол-Туркийн Эмпати сургуулиудын захирал Вейсел Акчайг хулгайлсан гэх хэргийн талаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ “Энэ асуудал шалгагдаж байгаа” хэмээн онцлосон бөгөөд Туркийн ЭСЯ-ны гурван ажилтныг хүн хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээллийг цагдаа, прокурорын байгууллагаас авсан нь дээр гэв. Мөн Туркийн хэвлэлүүдэд энэ хэрэгт Монгол Улсын тагнуулын байгууллага оролцсон байж болзошгүй мэдээлэл гарсан тухай тодруулахад “Туркийн хэвлэлээр юу гарсныг би яаж мэдэх вэ. Тийм хардлага байгаа” гэлээ.
Ц.Нямдорж өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр болсон хэргийн талаар “Хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад, цагдаа нар хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц болсон. Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байна. Вейсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй, Туркийн Элчин сайд өнөөдөр ярилцлага өгсөн байна. Хулгайлагдсан хүний тухай асуудлыг Туркийн байгууллага сонирхож байгаа гэж. Энэ бол цэвэр тэр улсын өөрсдийнх нь асуудал. Турк улсын Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд Монгол Улс тайлбар өгдөггүй. Тэр улс тухайн иргэнээ юу гэж үзэх, ямар дүгнэлт хийх нь тэдний асуудал. Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдлыг цагдаа шалгаж, прокурор хянаж байгаа бөгөөд цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал” гэж хэлэв.