Австрали улсын хүн амын тоо анх удаа 25 саяд хүрээд буй тухай тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Шилжин суурьших цагаачлалыг чухалчилсан нь ийнхүү хүн ам өсөж, Австралийн хотуудад ачаалал нэмэгдэхэд нөлөөлжээ.
Гэвч үүний үр дүнд үүссэн хамгийн маргаантай асуудал бол хүн амын хэт хурдацтай өсөлт болоод буй аж. Энэ өсөлтийг үргэлжлүүлэх нь улс оронд ямар үр ашигтай вэ гэх асуулт урган гарч байгаа гэнэ. Сидней болон Мелбурн хотуудад оршин суугчдын тоо нэмэгдэхийн хэрээр засгийн газар хүмүүсийг өөр газруудад суурьшуулахыг хүсэх болжээ. Австралийн хүн ам ерөнхийдөө далайн эргийн хотуудад төвлөрч байгаагаас зөвхөн Сидней, Мелбурнд иргэдийн тавны хоёр нь амьдарч байгаа аж.
Хүн амын ихэнх нь буюу 67 хувь нь мужууд болон томоохон хотуудад амьдарч байгаа тухай Австралийн Статистикийн товчооноос мэдэгджээ. Тасманчуудын 44 хувь нь Хобарт, Кьюнсландчуудын 49 хувь нь Брисбанд оршин суудаг гэнэ.
Тус улсын ихэнх газар нутагт хүн амьдардаггүй бөгөөд 20 хувь нь албан ёсоор цөлөрхөг бүст тооцогдож байгаа нь засгийн газраас хүмүүсийг газар нутгуудад жигд тараахад асуудал болж буй аж.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Австралийн хүн ам 388,000 буюу 1.6 хувиар өсчээ. Эдгээрийн 62 хувь нь цагаач, 38 хувь нь үндсэн оршин суугчдын өсөлт юм байна. Сүүлийн нэг зуун жилийн хугацаанд ирсэн цагаачдын ихэнх нь Энэтхэг, Хятад, Британи, Филиппин болон Өмнөд Африкийн иргэд байгаа юм.
Б.Болормаа