Зүүн Өмнөд Азийн Тайланд улсад монгол иргэн хулгайн гэмт хэргийн хохирогч болж, уг хэргийг нутгийн иргэн үйлдсэн талаар Бангкок Пост мэдээлжээ.
Тус сонинд дурьдсанаар Бангкокын олон улсын нисэх буудалд ачаагаа баглаж байсан 19 настай О.Хулан хэмээх монгол бүсгүй iPhone 7 гар утсаа алдсан тухайгаа өнгөрсөн 20-ний өглөө цагдаагийн албанд мэдээлжээ. Тэрээр гар утсаа хажуугийн суудал дээр тавиад ачаагаа цэгцэлж байх хооронд хэн нэг нь утсыг авсан байв.
Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгахад лимузин үйлчилгээний дүрэмт хувцастай нэг эрэгтэй гар утсыг авч явсан нь баталгаажсан байна. Улмаар 21-ний өдөр лимузин үйлчилгээний компанид ажилладаг 43 настай Ноппадол Випха гэгчийг онгоцны буудалд баривчилсан бөгөөд өөрөө ч хэргээ хүлээсэн байна.
Ингээд түүний биед байсан хулгайлагдсан гар утсыг эзэнд нь буцаан өгчээ. Гэхдээ сим картыг нь Бангкокын Lat Krabang хэмээх гудамжинд хаясан гэж мэдүүлсэн байна.