Монголчуудыг XIII зуунд л бичиг үсэг гээч зүйл байдаг гэдгийг сая мэдсэн мэтээр манай их мэдэгчид амны алдас хийх нь мэр сэр байна. Харьд, ялангуяа хаяа залгаа Орос, Казахстан мэт улсад ийн өгүүлэгчид бүр ч олон бололтой. Тэд \”Юань улсын судар”-ын 124 дүгээр ботийн нэгэн домгоор гул барих атлаа аль эрт хэлбэржин тогтсон бичгийн сонгодог хэлний бодит жишээ болох \”Монголын нууц товчоо” хэмээх агуу бүтээлийг үл анзаарах нь харамсалтай.
Ийм андуу эндүү хожим хойно гарахыг мэдсэн мэт XX зууны их номчдын нэг Ц.Дамдинсүрэн абугай \”Монголын нууц товчоо” гэдэг түүх-хэл уран зохиолын гайхамшигт дурсгал нь үсэг бичигтэй болоод хагас зуун жил болоогүй ард түмний бүтээл биш, харин ч зуун зууныг дамжин боловсронгуй болсон сонгодог бичгийн хэлтэй ард түмний бүтээл болох нь мэдээж гэдгийг 1957 онд тов тодорхой сануулан бичсэн нь буй.
Монгол туургатнууд эрт дээр үеэс бичиг үсэгтэй байсаар ирсэн бөгөөд Их Монгол улс болон түүний залгамж болсон улсууд төрийн хэрэгтээ нэгэнт тогтож хэвшсэн сонгодог бичгийн хэл хэрэглэж байсныг хэл шинжлэлийн хийгээд түүхч эрдэмтэн мэргэд судлан мөшгиж, сурвалжлан тогтоосон нь нэн олон тул үүнээс цааш илүү үглэх нь гэм буй заа. Гэхдээ \”Монголын нууц товчоо” нь хэлбэр зохиомжийн хувьд христийн тооллоос өмнөх 480-425 онуудад амьдарч асан эртний Герегийн алдарт түүхч Херодотын есөн дэвтэр \”Түүх”, нийтийн тооллоос зуугаад насаар ах Страбоны 17 дэвтэр \”Газарзүй” зэрэг хүн төрөлхтний оюуны соёлын үнэт нандин өв болсон бүтээлүүдтэй нэгэн адилаар үйл явдлуудыг бүлэглэж дугаарласан байдаг нь ийм хэлбэрийн зохиолыг эртний Герег мэтийн соёлоороо тэргүүлэгч орнуудад хэрхэн бичдэг байсан стандартыг мэддэг байж туурвижээ гэмээр санагддаг. Монголчууд аль эртнээс л Македонийн Александр хааны домог түүхийг \”Сулхарнайн тууж” нэрийн дор хэлэлцдэг байсан, эртний Энэтхэгийн Шаалай хүүгийн тухай үлгэрийг бүр дээрээс мэддэг байсан зэрэг баримтууд бидний өвөг дээдэс нэн эртнээс бичгийн тогтсон хэлтэй байж, бусад улс үндэстний ном судартай танилцан эх хэлнээ буулгасаар ирсний нотолгоо гэмээр байна.
\”Чингис хааны чулууны бичиг”, \”Гүюг хааны тамганы бичиг”, \”Абага хаанаас Папын элчинд олгосон бичиг”, \”Аргун хаанаас дөрөвдүгээр Николай папад илгээсэн бичиг”, \”Өлзийт хаанаас Гуа Филиппэд илгээсэн найрамдлын бичиг” гээд 1220-1305 оны хоорондын зурвасхан үеэс түүхийн их тоосонд булагдан мартагдалгүй үлдэж хоцорсон цөөн хэдэн сурвалжийг түшихэд л Монголын бичгийн сонгодог хэлний гайхамшиг илт мэдрэгдэнэ.
Монгол хэдийгээр энэ цаг үеэс хойш төрт улсын хувьд хагарал бутрал, буурал доройтлын энхэл донхлыг ихэд туулсан боловч \”Номт гурван улсын нэг” гэдэг алдраа огтхон ч алдаагүй бөгөөд бичгийн мэргэд нь монгол болоод бусад хэлээр бичиж туурвисаар, нэн эртнээс улбаатай бичгийн сонгодог хэлээ хадгалсаар, хөгжүүлсээр ирсэн билээ. Самгарьдын олон мянганы уламжлалтай хэл шинжлэлийн нарийн нандин мэдэгдэхүүнийг XIII-XIV зууны үеийн манай бичгийн мэргэд өөриймшүүлсэн төдийгүй, бүтээлчээр баяжуулан хөгжүүлснийг Чойжи-Одсэр 1305 онд зохиосон монгол хэлийг журамлах хэлзүйн бичгээс харж болно. Тэрбээр мөн ондоо Жагарын орны гүн ухааны охь бүтээл \”Бодичара авадара”-г орчуулсан байдаг. Монгол хэлнээ \”Эрдэнийн сан Субашид”, Күнзийн сургаалын \”Ачлалт ном”-ыг мөн л XIII зуунд орчуулан модон бараар хэвлэсэн. Энэ бүхэн нь монгол бичгийн сонгодог хэл тухайн цаг үеийн ямар ч бүтээлийг эх хэлнээ буулгах хэмжээнд хүртэл хөгжчихөөд байсны нотолгоо билээ.
Оросын алдарт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов Ганжуур, Данжуурыг бүрсгэн орчуулсан XVII зууны үеэс Монгол сонгодог бичгийн хэл бүрэлдэж тогтсон хэмээн нуталсан билээ. Харин сүүлийн үед Ганжуур, Данжуурын зонхилох гол гол хөлгөн судрыг XIV зууны эхэн үеэр орчуулжээ гэсэн дүгнэлтийг турфаны монгол бичгийн дурсгалд дулдуйдан сонгодог бичгийн хөгжлийн түүхийг 300-гаад жилээр урагшлуулах санал гарах болжээ.
\”Ганжуур”, \”Данжуур” зэрэг их хөлгөн судруудыг дуун хөрвүүлэхдээ асар олон нэр томъёо, ойлголтыг эх хэлнээ оноон буулгасан нь эдүгээ цагт эргэн харж, эрдэнэ сувдыг нь шүүрдэвч үл дундрах номун далай болой. Энд үгүүлэн буй цаг хугацаанд манай бичгийн мэргэд монгол, төвөд хэлээр шашны ном судраас гадна түүх, уран зохиолын олон сайн бүтээлүүд бичин бийр элээж, бэх дундалсныг нь өнөө бид гүйцэд судлах нь бүү хэл хэдий багцааны бүтээл хадгалагдан үлдсэн тоог нь зөв гаргаж, баринтагийг нь шинэчилж ч чадахгүй байна.
Үүний зэрэгцээ цагийн урсгал даган бичгийн сонгодог хэл маань орхигдох шинжтэй болж, эдүгээчилсэн энгийн яриа бичгийн хэлнээ хүч түрж, монгол хэлний \”чихнээ чимэг болсон аялгуу сайхан” нь амтагдаж мэдрэгдэх нь багассаар байна. Тэр бүү хэл\”Монгол хүүхэд дэлхийн лидер болж төлөвших ёстой болохоос биш хэн ч хэрэглэдэггүй, номын сан ороод аваад уншъя ном байхгүй хуучин үсэг магистрийн төвшинд сурч, үнэтэй хүүхэд насаа үрэх нь монгол хүн болж буй явдал уу? Ромчууд болхи ром тоогоо халж, өстөн дайсан арабчуудын тоог авснаараа хөгжил дэвшил нь хурдассан гэж түүхэнд тэмдэглэгдэж үлджээ. Харин тэгснээрээ ромчууд ром байхаа больж араб болчихоогүй юм байна” гэж орчин цагийн мэдлэгийг олноо түгээг сурталдагч эрдэмтэн залуу өөрийн цахим талбар (http://ganzorigulziibayar.blogspot.com)-таа бичсэн байхыг үзэхүл сонгодог бичгийн хэлний хувь заяа даанчиг хөөрхийеэ гэж дуун алдмаар.
Монгол хэлний үгийн сан хомсдож, сонгодог бичгийн хэлний яруу сонсголонт уран хэллэг, гүн сэтгэмж балархайтан албаны мохоо үгс газар авч байгааг яг нэгэн жарны өмнө буюу 1956 онд \”Хэлээ хайрлан энхрийлж, үгийн боловсролыг эрхэмлэе” өгүүлэлдээ халаглан бичиж байсан билгүүн номч Б.Ринчен эрхэм үүнийг үзэж сонсоогүйд нь баярламаар ч юм шиг.
Бүх нийтийн найруулан бичих чадвар ихэд дордсон болохоор социализмын үед нам эвлэлийн ажил хийж, сум багийн алба хашиж албаны бичиг цаастай зууралдаж явсан, өдгөө тэтгэвэртээ суугаа хэн боловч бичгийн хэлэндээ 1990-ээд оноос хойш төрсөн залуусаас хол илүү байгаа гашуун үнэнийг яалтай.
Харин бүх нийтийн ийм харанхуйлал дунд эртнээс өртөөлсөн сонгодог бичгийн хэлээ өвлөн эзэмшиж яваа нэгэн байгаа нь чухамдаа тэнгэрийн хишиг гэлтэй. Тэр бол уугуул нэр Осгонбаяр,номын нэр Лувсандаржаа, олноо Зава Дамдин ринбүүчи хэмээн хүндлэгдсэн эрхэм болой.
Тэрбээр 2013 онд монгол, төвөд, англи гурван хэл, дөрвөн бичгээр үйлдэн баринтагласан \”Цастын цуурай” бүтээлдээ:
\”Хэрэв зээ Та мэргэд дор үнэн сүжиг, ариун тангараг үгүй бөгөөс
Хэтэрхий гайхамшигт гадаад зуун мянган оньсон хүрдийг шүтээд ч
Хэл тань зуун мянга хувилан үгүүлэн ярьж чадаад ч
Хэнд ч байхгүй нууцын сан хөмрөг нүгүүдийг чанд хадгалаад ч
Хэлээд санаж сэтгэш үгүй нууцын утгыг мэдэх үгүй бөлгөө
Хэдий чармайгаад ч гүн, агуу, үнэмлэхүй, янагуух утгыг мэдэх үгүй бөлгөө”
хэмээн бичгийн монгол мэргэдийн утга гүн, аялгуу зохист сонгодог бичгийн хэлээр үгүүлснийг үзээд уран тансгаар найруулан бичих эрдмийн улбаа гялбааг тээн яваад нь нэн ихээр талархсан бүлгээ.
Лувсандаржаа ламтан монгол газраа бага наснаасаа бурханы шашны номонд сүслэн суралцаад, улмаар Швейцарь лугаа зорин ид залуу насандаа олон зуун лам нар дунд ном хаялцан Гэвш цолыг хүртсэн, дараа нь өөрийн хүрээ хийдийн газраа чин зүрх, чин сэтгэл, чин сүсэг, чин бишрэл, чин зорилгыг эрхэм болгон Их нэнчэнг бүтээж, бие хэл сэтгэл гурваа Бурханы үйлд голч шударгуугаар зориулж яваа номт хүмүүн юм. Чингэхдээ зөвхөн Бурханы ном эрдэм чухаг хэмээн бусдыг орхин омтгойролгүй Монголын сонгодог бичгийн хэл, өдгөө энэхэн дэлхийн хүн ардыг ихэд эрхшээж буй англи хэлийг эн тэнцүү эзэмшсэн нь номын мөрийг нь зөв гаргасан эрхэм багш нар, бас өөрийнх нь хичээл зүтгэл, мятаршгүй сэтгэлийн үр шим болой.
Өдгөө Монголын сонгодог бичгийн хэлийг судлаачид, түүнд шимтэгсэд цөөнгүй ч Зава Дамдин ринбүүчи лүгээ адилаар бичиж туурвиж байгаа нь ер үзэгдэхгүй байна.
Монголын сонгодог бичгийн хэлийг төгс эзэмших нь нэг талаас бичгийн эрдэмд нэвтрэх, нөгөө талаас номын хүмүүний ер бусын даруу чанарыг эзэмдэн, бусдыг ямагт дээрд үзэн өөрийгөө чамлах сэтгэхүйг сэтгэл оюунд нь завсар үгүй суулгаж өгдөг сайн талтай. Чингэж боловсорсон номт хүмүүн омтгойрон сагсуурах, эрдмийн шидээр гайхуулах, ихийг мэдэн чалчих нь үгүй бөгөөд бусдын элдэв авирыг ямагт агуу хүлээцээр гэтэлдэг. Өөрийнх нь өмнөд дүр, номт хүмүүн Зава Дамдин бээр Их хүрээнээ найруулан бүтээсэн \”Хор Чойнжүн Зава” хэмээх түүхийн шүлэглэсэн сурвалж бичгийг төвөд эхээс нь кирилл монгол бичигт буулгасан тухайгаа \”…миний мэт бээр мунхаг зоригоор барин авч орчуулан буулгана гэдэг нь аливаа амьтны инээдмийн орон болох ба ихэс мэргэдийн гуниг гутрал болох нь дамжиггүй” хэмээн даруухнаар үгүүлээд, хэдий ийм ч номт сайн багш нарын зааж зөвлөсний буянаар \”эдүгээ харин дээдсийн өлмийг өргөх бус, татах бус ямар ч атугай үхэр хэнгэрэг мэт зүүгдэхээр үйл хийсэндээ уншигч авгай тан дор гүн хүлцэл өчье” гэсэн нь \”Эрдэмтэй хүн даруухан, их мөрөн дөлгөөн” гэсэн монгол ардын үгийг номын гэгээ татуулж чадсан хүмүүн л үг, үйлдлээрээ нотолдгийг харуулна.
Зава Дамдин Ринбүүчи нь сонгодог бичгийн хэлээр туурвихдаа шүлэглэн үгүүлэх, хүүрнэн үгүүлэх аргын аль алийг тэгш эзэмшсэн нь 2014 онд бүтээсэн \”Их нэнчэн” номноос нь тодорхой харагдана. Тухайлбал, \”Мөхөс хүн би хүмүүний гучин гурван насыг хүрэх үе буюу хоёр мянга долоон оны намар, есдүгээр сарын 26 буюу арвандолдугаар жарны гал гахай жилийн намрын дунд сарын шинийн арвантавны үдэш Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумын нутагт Тоомын өндөр даваагаар давж очих үед огторгуйн мандал тунгалаг тодорхой номин өнгөтэй болоод тоо томш үгүй очир алмаасан шигтгээ гялалзан анивчих, бас хэсэг бусаг хас эрдэнэ мэт усан баригчин хөвсөлзөн хөвж түүний төв дор тэргэл саран дагина зуун давхар мүшиеэлээрээ сүр жавхлантайяа сацран ажгуу” хэмээх хүүрнэл тухайн цаг дор байгал дэлхийн үзэгдэх байдал хийгээд хүмүүний сэтгэлд буусан ер бусын мэдрэмжийг уран зураач өнгө будгийн зохисыг олж, уран бийрийг өөрийн дураар эрхшээн гайхамшигт зургийг бүтээх мэт үгийн шидээр амилуулсан нь сонгодог бичгийн хэлийг сайтар эзэмшсэний үр болой. Байгалийн ер бусын сайхныг олж хараад сэтгэлд буусан яруу мөрүүдээ:
Тунгалаг тодорхой хоосны агаараас
Тунадас цагаан цасан цэцэгс будраад
Тун гайхамшигт үзэгдлийн орон лугаа
Туйлаар харсан төдийхнөө хайлан шингэв
Өчүүхэн егүзэр миний сэтгэл дор
Өнгө тунамал үзэсгэлэнт нигуур ургав
Өнөд дияаныг хүсэмжлэхүйн зүрхэн дор
Өгүүлэхүйн саран дагина ихэд мүшиеэв
хэмээн буулгасан нь бас л шүлгээр өгүүлсэн уран зураг юм. Сонгодог бичгийн хэлний амт шимт ийм гайхалтай, үг өгүүлбэр бүрийг бодон тунгаахуй дор утга нь улам гүнзгийрч, бодол тэлдэг шидтэй билээ. Энэхүү амин чанар энгийн ярианы хэлээр буулгасан бичвэрээс амтагдаж мэдрэгдэх нь ер үгүй.
Зава Дамдин ринбүүчийг Нэнчэнд суух зуух номын их садан, нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар тэнгэрийн орноо дэвшин заларчээ. Үүнийг Нэнчэн төгссөний хойно сонссон хувраг бээр гуниглан харамсаж \”Огторгуйн цагаан гарьд мину” хэмээх дуулал бүтээхдээ:
Ээ халаг хоохой муу дүү чинь
Эгэж бодитой ахтайгаа уулзахгүй бол
Эрс шулуун, шудрага үгсийг
Эргэцүүлж хэнтэй ярилцах юм бэ?
Ай хөөрхий адгийн дүү чинь
Аргагүй хөлдөж ташсан нуурандаа
Арга билгийн жигүүр нь ургаагүй
Арга тасран бээрэн сууна
хэмээн сэтгэлийн их хоосрол, энэлэнгээ илэрхийлсэн нь Монголын эртний сонгодог уран зохиолын бодит жишээ болсон Сүмбийн үеийн \”Ах минь” шүлгийн:
Энд ах минь үзэгдэхгүй
Элэг зүрхийг минь шимшрүүлнэ
гэсэн мөрүүдийг эрхгүй санагдуулна. Яруу найргийн амин чанарын нэг болох дотоод сэтгэлийн гүн харуусал, шаналал, ганцаардлыг өгүүлсэн дээрх хоёр шүлэг бүтсэн он цагийн хооронд асар хол зай бий ч шаналахуйн мэдрэмж нь ав адилхан буусан нь хүмүүний сэтгэл гэдэг мөнхөд хувиршгүй чанартайг нотлох мэт ээ.
Энэ мэтээр Зава Дамдин ринбүүчийн сонгодог монгол хэлээр туурвисан зохиол бүтээлийг нягтлан шүүрдвэл олзуурхан бахархмаар очир эрдэнэс нэн олон байгаа нь Монголын бичгийн сонгодог хэл мөхөх ёсгүйн баталгаа мэт бодогдож сэтгэл амравч ийм сайхан хэл найрлагаар бүтээн туурвигч өдгөө цагт оорцог төдий, басхүү уран нарийн бичлэгийг нь ухаж ойлгогсод цөөн болж буйд халаглах бодол өглөө эртийн манан мэтээр сэтгэлийн мухарт эргэж хургах аж. Зүй нь энэхүү сонгодог бичгийн хэл болбоос бидний өвөг дээдэс зэвсгийн хүчээр бус, оюуны сайнаар илүүрхэн ертөнцийг хурааж явсныг нотлох хөдөлшгүй баримт билээ.
Сонгодог монгол бичгийн хэлэнд шимтэгсэд олон болж, номын гэгээ харанхуй мунхагийг үлдэн хөөх болтухай!
Урианхан овогт Бадам-Очирын Галаарид
2016.03.23.