-ЭНХИЙН БӨМБӨГДӨЛТ-
Хавар цаг болж мод гөлөглөн, газар дэлхий ногоон өнгийн дээлээ өмсөж эхлэхийн хажуугаар гол нуур гэсэж, голын цөн түрдэг жамтай билээ. Харин ОХУ-ын Вологодск мужийн Великий Устюг болон Краснавино хотуудын хувьд байдал хүндхэн байна. Эдгээр хотын хажуугаар урсдаг \”Сухона\” голын мөс нэг газар хэт их хуралдаж, голын усыг 40 км урт боож бөглөсөн тул усны түвшин хоногт 15-50 см-аар эрчимтэй нэмэгдэж байгаа юм байна. Үүний улмаас их хэмжээний газар нутаг үер усанд автаж, байдал хүндэрсэн тул \”Онц байдлын яам\”-ны алба хаагчид орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тусламж үзүүлэх ажиллагааг эхлүүлээд байна.
Ер нь байгалийн гамшиг, газар хөдлөлт, үер, хар салхи, далайн шуурга зэрэг их хэмжээний газар нутгийг хамарсан эвдрэл сүйрлийн дараа сэргээн босгох болон энгийн иргэдэд тусламж үзүүлэх, түр хугацааны байр, сууц барих, хүнс ус, дулаан хувцасаар хангах ажиллагаанд цэргийн хүчийг дайчлан оролцуулдаг тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал 2013 оны 8 дугаар сарын 18-нд ОХУ-ын Алс дорнодын Амур мөрөн их хэмжээгээр үерлэн онц байдал үүсэхэд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажиллагаанд БХЯ дэмжлэг, туслалцаа үзүүлж оролцсон байдаг. Тэрхүү хүмүүнлэгийн ажиллагаанд оросын 4500 цэргийн алба хаагчид, 630 нэгж техник хэрэгсэл, 40 нэгж нисэх онгоц, нисдэг тэргийг татан оролцуулж байв. Энд ихэвчлэн инженерийн техник, хэрэгслүүд түүний дотор усанд хөвөгч гүүр, катер болон бусад техникүүд багтаж байв. Ийм тохиолдол аль улс оронд байдаг зүйл юм. Харин хүмүүнлэгийн ажиллагаанд байлдааны хүнд бөмбөгдөгч онгоц ашиглан, жинхэнэ бөмбөгөөр бөмбөгдөж байсан тохиолдол ховор болов уу. Энэ талаар өгүүлье.
2016 оны 4 дүгээр сарын 18-нд дээр дурьдсан Вологодск мужид үүсээд буй нөхцөл байдлыг арилгахын тулд \”Онц байдлын яам\” оросын БХЯ-наас туслалцаа хүссэн юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, нөхцөл байдлыг судлаж үзээд уг хүсэлтийг ёсоор болгожээ. Түүний тушаалаар Баруун цэргийн тойргийн 2 нэгж фронтын бөмбөгдөгч \”Су-34\” онгоц голын усыг бөглөсөн мөсийг бөмбөгдөн бутлаж, жижиглэсэн ба улмаар гол хэвийн байдлаар урсан усны түвшин буурчээ. Армийн генерал С.Шойгу өмнө нь буюу 1994-2012 онуудад, нийтдээ 18 жил \”Онц байдлын яам\”-ны сайдаар ажиллаж байсан юм.
Оросын олон зориулалттай сөнөөгч-бөмбөгдөгч \”Су-34\” онгоц нь цаг агаарын ямар ч нөхцөлд нислэг үйлдэж, алсын зайд буй агаарын болон газрын \”бай\”-д цохилт өгөх чадвартай бөмбөгдөгч онгоц юм. Энэ төрлийн онгоцыг саяхан Сири улсад террористуудын эсрэг явуулсан оросын цэргийн ажиллагаанд голлон ашигласан гэдгийг мэдэж байгаа байх. Уг онгоцны экипаж нь 2 хүнтэй, урт – 23,3 метр, далавчны урт – 14,7 метр, өндөр – 6,09 метр, хөөрөх дээд жин – 45 тонн, түлшний багтаамж – 12,1 тонн, ачааны тээвэрлэх боломж – 12,5 тонн. Онгоц нь \”АЛ-31Ф-М1\” загварын 2 хөдөлгүүртэй ба дээд хурд – 2200 км/цаг, нислэгийн алсалт – 4000 км, харин зэвсэглэлийн хувьд 30 мм-ийн ГШ-30-1 пушки – 1 нэгж, түүнчлэн 8 тонн жинтэй агаар-агаар, агаар-газар ангилалын удирдлагатай пуужин, бусад төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм.
Р.Энхболд