УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын харъяа Замын-Үүд зорчигч үйлчилгээний төвийн тасалбарын борлуулалтын дараах үйлчилгээ, буцаан олголтын байдал, борлуулж буй тасалбарт хамаарах үйлчилгээний төлбөр хураамжийн нөхцөл болон түүнийг журамласан шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгав.
Тасалбар түгээлт болон зорчигч тээвэрлэлтийн нөхцөл байдал
Тус төвөөр өдөрт 450-550 зорчигч үйлчлүүлдэг бөгөөд 2 галт тэрэг ажиллуулсан үед зорчигчийн тоо 650-750-д хүрдэг байна. Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар гэсэн чиглэлээр аялал хийдэг орон нутгийн галт тэргэнд дунджаар 1130 зорчигч үйлчлүүлдэг бол тэдгээрийн 550 нь Замын Үүдээс тасалбараа шууд худалдан авч бусад нь тасалбараа урьдчилан авдаг байна. Урьдчилан захиалах үйлчилгээг 2 сарын өмнөөс эхлүүлдэг ба төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд тасалбарыг олгодог ажээ.
Урьдчилсан захиалга цуцлагдвал тасалбарын тарифт үнийн 10 хувийн суутган авдаг бөгөөд энэ нь олон тасалбар буцаахаас сэргийлсэн арга хэмжээ гэнэ.
Илэрсэн зөрчил
Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүдийг илрүүлэв. Зам, тээвэр, аялал жуулчлалын Сайдын 2008 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 88 дугаар тушаалаар баталсан \”Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрмийн 12 дах \”Зорчигч тасалбараа гээгдүүлвэл нөхөн олгохгүй ба төлбөрийг буцааж олгохгүй” гэсэн заалтын дагуу тасалбараа үрэгдүүлсэн зорчигчийг дахин тасалбар худалдан авсных нь дараа буюу нэг тасалбарыг 2 удаа борлуулсныхаа дараа үйлчилж байгаа зөрчил илрэв.
Тасалбараа үрэгдүүлсэн хэрэглэгч галт тэргээр үйлчлүүлэхгүй зүгээр л хохироод өнгөрөх нөхцлийг бий болгосон Сайдын тушаалын энэ заалт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх \”Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно”, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дах \”хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг зөрчиж байна. Хэрэв тасалбар үрэгдэх нь УБТЗ ХНН-т тодорхой хохирол учирч байгаа бол энэ тухай хэрэглэгчид тасалбар дээрээ тодорхой бичиж мэдээлэл өгөх шаардлагатай. Гэтэл галт тэрэгний тасалбарыг борлуулахдаа тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр бүртгэл хийж, регистрийн дугаарыг нь тасалбар дээр бичиж, өөр этгээд ашиглах боломжийг хязгаарладаг төдийгүй тэр мэдээллийг төмөр замын аль ч өртөө, зөрлөг, цэгээс цахим хэлбэрээр хянах, харах боломжтой байна. Ийм тохиолдолд тасалбараа үрэгдүүлсэн зорчигч зөвхөн иргэний үнэмлэхээ шалгуулаад зорчиход үйлчилгээ эрхэлж байгаа этгээдэд хохирол учирахгүй тул дахин тасалбар ав гэж шаардах, ямар нэг алданги, суутгал тооцон авах шаардлагагүй байна. Зөвхөн тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр нь буюу цахим тасалбараар үйлчилдэг үйлчилгээг иргэний нисэхийн салбарт нэвтрүүлээд олон жил болж байгаа билээ.
- Улаанбаатар Төмөр Замын Даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэлийн болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүйгээр хураан авч байна. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй юм. Зорчигчийн тасалбар худалдан авч байгаа этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дах \”бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дах \”хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна.
- Төлбөрийн карт уншигч төхөөрөмж ашиглаж төлбөр, тооцоо гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх байгууллагаар зөвхөн ХААН банкийг сонгосон нь хэрэглэгчдэд өөрийн харилцагч банкаараа үйлчлүүлэх боломжийг нь хязгаарласан төдийгүй зөвхөн ХААН банкинд давуу байдал олгосон байсан. Иймд дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулахын тулд Зам, тээвэр, аялал жуулчлалын Сайдын 2008 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 88 дугаар тушаалаар баталсан \”Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрмийн 12 дах заалтыг хүчингүй болгох, Улаанбаатар Төмөр Замын Даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын цагаан хэрэглэл, цайны мөнгийг хураан авч байх тухай заалтыг хүчингүй болгох улсын байцаагчийн албан шаардлагыг дурдсан байгууллагуудад хүргүүлснээр дээрх зөрчлүүд арилаад байна.