Монгол орны ойн сан бүхий талбай 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувийг эзэлдэг гэсэн тоон баримт байдаг. Гэхдээ энэ бол нийт хамрах хүрээ болохоос яг төчнөөн мод бий гэсэн нарийвчилсан тоо байдаг эсэх нь тодорхойгүй. Нийт моддын төчнөөн хувийг шилмүүст, навчит мод эзэлдэг гэх мэт тойм мэдээллийг л харж болно.
Гэтэл Швейцарь улс бүх модоо тоолж бүртгэлжүүлээд үл хөдлөх газрын үнэлгээндээ оруулсан байдаг аж. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл жиргээндээ “…бүх модоо үл хөдлөх газрын үнэлгээндээ оруулсан тул мод тайрахын тулд зөвшөөрөл авч мөнгө төлдөг гэнэ. Бас нэгж барилгын талбайн эргэн тойронд байх ногоон талбайн нормтой, зөрчвөл дийлэхийн аргагүй торгууль төлөх ба байшин нураах шийтгэлтэй” гэжээ.
Харин манайхан ихэвчлэн нэг модны оронд нэг зогсоол нь илүү ашигтай гэдэг шуналын нүдээр хардаг гээд хэлчихвэл хол зөрөхгүй. Бид эко, ногоон орчин гэж олон зүйл ярих дуртай атлаа хийж бүтээж гийгүүлэх нь даан ч ховор юм.
Монголдоо ганцхан хот статустай нийслэл Улаанбаатар яагаад Швейцарь шиг байж болохгүй гэж? Энэ бол улсаас хөрөнгө мөнгөний асуудал шаардахгүйгээр зохицуулах боломжтой, бас ч үгүй өгөөжтэй, үр дүнтэй арга биш үү?
“Чадахгүй бол боль, дараагийнх нь бэлэн” гэдэг зарчмаар ажиллаад үзэхэд бүтэхгүй зүйл гарахгүй л болов уу гэж мөхөс би бээр ухах юм.