Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам 2018 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсч, олон тооны хүн, машин Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогджээ. Энэ төрлийн дуудлага есдүгээр сарын 20-ны өдрийн 11:00-22:30 цагийн хооронд ОБЕГ-т ирсэн байна.
Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро” “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубийн нийт 60 гаруй хүн цасанд боогдсон гурван нийтийн тээврийн автобусны 130 зорчигч, 430 автомашин, 1320 иргэн, нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газар гаргасан ажиллажээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Тахилтын даваа” болон “ Бөө булгийн даваа” гэдэг газруудад цас орж зам даваа мөстсөний улмаас автомашинуудын бөөгнөрөл үүссэн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон “Баянгол АЗЗА” ТӨХК-ийн нийт 22 алба хаагчид ажиллажээ. Тэд “Тахилтын даваа”-ны автозамын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэн 270 орчим автомашин, 810 иргэнийг, “Бөө булагийн даваа”-нд 18 автомашин, 71 иргэнийг аюулгүй нэвтрүүлэн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулаад байна.