Тээврийн цагдаагийн албанаас харьяа нэгжийн алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээний шилдгүүд тодорлоо. Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, биет зохицуулалт, зам тээврийн ослын газарт ажиллаж, дүгнэлт гаргах, уран жолоодлого зэрэг мэдлэг, ур чадварын нийт долоон төрөлд 33 багийн 99 алба хаагч өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр цагдаагийн хурандаа Ц.Ариунболд даргатай Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс бусдыгаа манлайлсан юм.
Дэд байрт цагдаагийн хошууч Б.Батхуяг даргатай Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасаг шалгарсан бол гуравдугаар байрт цагдаагийн хошууч Ж.Явуухулан даргатай Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасаг шалгарлаа. Харин цагдаагийн хурандаа Д.Ганболд даргатай Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тусгай байр эзлэв. Мөн тус албаны “Уран зохицуулагч”-аар Дорнод аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Одхүү тодорчээ.
Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан “Тус албанаас харьяа нэгжийн алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, ажлын арга барил туршлага солилцох, судлах зорилгоор зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнийг өнөөг хүртэл тасралтгүй 37 дахь жилдээ зохион байгуулж байна. Мэдлэг, ур чадварын тэмцээн гэдэг утгаараа энэ жил өрсөлдөөн ихтэй, оролцогчдын бэлтгэл өндөр байсан нь онооны нийлбэр дүн их ойр байснаас харагдаж байна. Ингээд тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.