Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг өнөөдрөөс албадан буулгаж эхэллээ. Уг барилга нь “Номин”-гийн захирал Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй барилга гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
“Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон байдаг бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах захирамжийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан юм. Энэ дагуу эзэмшигчдийг нь дуудан байшин доторх эд зүйлсийг цагдаагийн байгууллагынхан бүртгэж протокол хөтөлсний дараагаар буулгаж байна” гэсэн мэдээллийг Нийслэлийн газрын албанаас бидэнд өглөө.
Зөвшөөрөлгүй баригдсан дээрх барилгыг ингэж буулгаснаар 3,600 м2 газрыг чөлөөлж, уг талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.