2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах дизель түлшний импортын онцгой албан татварыг тэглэх асуудлыг Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас өчигдрийн /2016.05.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж шийдвэрлүүллээ. Шатахууны татварыг тэглэснээр 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлшийг тариаланчид нэг тонныг нь бөөнөөр 830 төгрөг, жижиглэнгээр 1230 төгрөгөөр худалдан авах нөхцөл бүрдэнэ.
Газар тариалангийн салбарт жилд дунджаар 20 мянган тонн дизель түлш зарцуулагддаг тооцоо бий. ХХААЯ-наас 150 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаан дээр тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцооллоор нэг га талбайн тооцоот зардал 2012 онд 345 мянга, 2013 онд 375 мянга, 2014 онд 420 мянга байсан бол өнгөрсөн онд 528 мянган төгрөг болж өсчээ. Үүнээс нэг га талбайн нийт зардлын 22 хувийг шатахууны зардал эзэлдэг байна. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалтад 6.5 мянган тонн шатахуун зарцуулагдана.
Импортын шатахууны онцгой албан татварыг тэглэснээр улаанбуудайн өөрийн өртөг 190 орчим мянган төгрөгөөр буурч, аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжрах нөхцөл бүрдэх төдийгүй 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой болно.
Дизель түлшний импортын онцгой албан татварыг 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд \”Сүхбаатар”, \”Эрээнцав” боомтуудаар тус тус импортлоход \”О” байхаар тогтоосон байна. Ийнхүү импортын түлшний албан татварыг тэглэсэн нь газар тариалангийн салбарт анх удаа тариаланчдад татваргүй түлш хэрэглэх боломжийг олгож, томоохон дэмжлэг болж байгаа юм.
Түүнчлэн хаврын тариалалтын өмнө 2015 оны намрын ургацаас Гурил үйлдвэрлэгчид болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн 14 аймгийн 610 иргэн, аж ахуйн нэгжийн чанар, стандартын шаардлага хангасан 111,829 тонн хүнсний улаанбуудайнд 5.6 тэрбум төгрөгийн урамшууллыг бүрэн олгож дууслаа.