Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өчигдөр Япон улсын нийслэл Токио хотноо боллоо. Энэхүү ёслол нь үс авах ёслол буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай юм. Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, “ёкозүна дохё-ири” ёслолыг хийлээ.
Түүний үс авах ёслолд 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, 71 дэх их аварга Какурюү М.Ананд нарын хүндтэй хүмүүс оролцлоо.
Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн байдаг. Тэрээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга цолтноор тодорч байсан хүчтэн билээ.