УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл өглөө.
МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцэх байснаас нэгийг нь хэлэлцэж, хоёрыг нь хойшлуулжээ. Тэд валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцсэн бол Улаанбаатарын хотын түгжрэлийг багасгах санал, танилцуулгыг, мөн төсвийн асуудлыг хэлэлцэх байсныг хойшлуулсан байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Валютын зохицуулалтын тухай энэ хуулийг 1994 оноос хойш шинэчлээгүй юм байна. Одоо Монгол Улсын эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал нэлээн өөрчлөгдсөн. Тиймээс валютын зохицуулалтын хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж УИХ-аар хэлэлцэхээр оруулж ирж байгаа юм билээ.
Шинэчилсэн найруулгаар гадаад, дотоод төлбөр тооцооны үйл ажиллагааг хоёр хуулиар зохицуулж байсан бол энэ хууль батлагдвал нэг хуулиар зохицуулах буюу олон улсын стандартад нийцүүлэх зохицуулалтыг тусгасан байна. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс энэ хуулийг хэлэлцээд явъя. Хэлэлцүүлгийн явцад засч залруулъя. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг зэрэгцүүлээд хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн. Гадны санхүүжилттэй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй хөрөнгийг Монголбанкаар дамжуулдаг байх, валютын ханшийн өсөлтийг хязгаарладах зохицуулалтыг тусгах зэрэг саналуудыг хэллээ. Ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдээд УИХ руу оруулна” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Ам.долларын ханш ихээхэн өсч байна. Шинэчилсэн найруулгад ам.долларын ханшийг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?
-Энэ хуулиар ам.долларын ханшийг шууд зохицуулна гэвэл өрөөсгөл. Харин гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, валютын эргэлтийг сайжруулах асуудлыг энэ хуулиар зохицуулна. Валютын ханшийн өсөлт олон зүйлээс шалтгаалж байгаа. Ид ажил өрнөдөг зургаа, долоо, есдүгээр сард валютын эрэлт ихэсч үнэ өсөх хандлагатай байдаг. Түүнээс гадна олон улсад худалдааны дайн болж буйтай холбоотойгоор хөгжиж байгаа орнуудын үндэсний валютын ханш долларын эсрэг суларч байна. Дэлхийн 147 орны 80 орчим хувьд нь ам.долларын ханш 19-60 хувиар өссөн байна. Гэхдээ манайд импортын хэрэглээ буурч, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой ам.долларын ханшийг нэмэгдүүлэхгүй барих боломж бий гэж Монголбанкны удирдлагууд хэлсэн. ОУВС-ын өргөтгөсөн валютын хөтөлбөрт хамрагдахад тавьсан үндсэн шалгуурт аравдугаар сард байх валютын доод хэмжээг 2.8 тэрбум ам.долларын тогтоож өгсөн. Валютын ханшийг барих нь дан ганц Монголбанкны үүрэг биш. Засгийн газар, Монголбанк хамтарч валютын нөөц барих, үнэ буулгах чиглэлд ажиллах ёстой. Валютын ханш өсөхгүй байх боломж бүрдсэн.
-Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Шатахууны үнийг НӨАТ, Онцгой албан татвараар зохицуулаад ирсэн. Одоо энэ боломж бий эсэхийг судалж үзэхийг гишүүд санал болгож байна. Гадны томоохон компаниудтай гэрээ байгуулж, тэдэнд тодорхой хэмжээний төлбөр төлж өөрийнхөө нутагтаа тохирсон хугацаанд үнийн хэлбэлзлээс үл хамаарч шатахууны үнийг тогтвортой байлгах арга зам, туршлага байна. Засгийн газарт энэ асуудлыг нарийн судлах үүрэг, чиглэл өгсөн. Засгийн газраас ОХУ-ын компаниудтай уулзалт, хэлцэл хийж байгаа. Одоогоор эцсийн шийдэлд хүрээгүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй.
-Монгол Улсын 2019 оны төсвийг хэт өөдрөг төсөв байна гэж шүүмжилж байна. МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын 2019 оны төсвийн тухайд янз бүрийн байр суурьтай байгаа. Ер нь Төсвийн төслийг “Яг ийм байна. Тийм байна” гэж дүгнэхэд эрт байна.