УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2016.05.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, өнөөдрийн УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар миний 3 жилийн өмнө өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ирэх 7 хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсныг дуулгаж байна гэж хэллээ. Дээрх хуулийн төсөлд төрийн улстөрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд оффшор данс эзэмших, нээх, оффшор бүсэд мөнгө байршуулахыг хориглох заалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг гурван жилийн өмнө хэлэлцэн шийдсэн байсан ч анхны хэлэлцүүлгийг хийлгүй 3 жил болсон гээд оффшорын асуудлыг нийгмээрээ мэддэг болсон энэ үед хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж батлагдана гэдэгт итгэлтэй байна. УИХ дахь АН-ын болон МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонхи энэ хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэлээ.
Тэрбээр \”Эрдэнэт” үйлдвэрээс алга болсон олон сая ам.доллар оффшор руу орсон гэсэн мэдээлэл байгаа гээд энэ мэдээллийг шалгуулахаар Өргөдлийн байнгын хороо хууль хяналтын байгууллагад хандаж байгааг дуулгалаа.
Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд иргэн Чадраабалаас ирүүлсэн өргөдөлд дурдагдсан \”Хан ресурс”-т төлсөн 70 сая ам.долларын өр бий болсон асуудал, \”Жаст” нэртэй компанид \”Эрдэнэт” үйлдвэр, \”Улаанбаатар төмөр зам”-ыг барьцаалан 150 сая ам.долларын вексель бичсэнтэй холбоотой асуудлаар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас тайлбар авахаар дуудуулсан хэмээлээ. Энэ чиглэлээр Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг ирэх 7 хоногт зохион байгуулах болсноо мөн сэтгүүлчдэд дуулгалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.