Сөүл хотоос зүүн зүгт, Ганвон мужийн Хончён дүүрэгт орших “Миний доторх шорон” нэртэй хуурамч шорон хүмүүсийн дунд эрэлттэй болсон байна. Уг шоронд хүмүүс ажил, амьдралын дарамт, өөрт учирсан стресээс зугтаж амрах зорилгоор ирдэг аж.
Шоронгийн хоригдлууд бүгд адил хөх өнгийн дүрэмт хувцас өмсөж, өөрсдийн захиалсан хугацаанд хатуу дүрэм журам баримтлан амьдардаг байна. Тэд хоорондоо ярих ч эрхгүй бөгөөд орохдоо гар утсаа хураалгана. Цагаа хураалгахаас гадна цаг асуух ч эрхгүй.
Хоолыг нь цоожтой хаалганд тусгайлан гаргасан жижиг хаалгаар тогтсон цагуудад өгдөг. Хоолны чанар сайн ч цадтал нь хооллоод байхгүй. “Миний доторх шорон” 2013 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 2.000 гаруй хүнд үйлчлээд байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэд ширүүн өрсөлдөөнт амьдралаас залхаж, зугтан энэхүү хуурамч шоронгоор үйлчлүүлэх нь нэмэгдсэн байна. Тэд энд байх хугацаандаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг гэж ярьжээ.
Хуурамч шоронд нэг хоног хоригдох зардал $90 орчим байдаг гэнэ. Өмнөд Солонгосын сургууль, ажлын байруудад өрсөлдөөн өндөр байдгаараа дэлхийд алдартай. 2017 онд солонгос хүн дунджаар 2,024 цаг ажилласан нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн (OECD) байгууллагын гишүүн 36 орны дотроос Мексик, Коста Рикагийн дараа гуравдугаарт орох үзүүлэлт байв.
Эх сурвалж: Reuters