Өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгон, УИХ-ын Тамгын газарт өглөө. Гэвч төслийн зарим материал дутуу учраас маргааш /2018.01.04/ өглөө хуулийн төслийг өргөн барих боллоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газарт боловсруулсан хуулийн төслөө өнөөдөр өргөн бариагүй.
Учир нь шинэ хуулийн төслийг хууль санаачлагч нь бүтэн сарын хугацаанд вэбсайт дээрээ байршуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байх зэрэг олон шаардлагыг Хуулийн тухай хуульд заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй хэмээн УИХ-ын Тамгын газар үзсэн. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүтэн сарын туршид УИХ хуралдаагүй, энэ нь олон нийтийн хэлэлцүүлэг явагдсан гэж үзэн, хуулийн төслийг өргөн барих нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн.
Яагаад энэ хуулийг өргөн барьсан гэхээр хамгийн сүүлийн чуулган арваннэгдүгээр сарын 6-нд хуралдсан байна. Бүтэн хоёр сар орчим чуулган хуралдсангүй. Тиймээс энэ гацаанаас гаргах хэрэгтэй гэж үзэж, Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг сахиулагчийн хувьд хуулийн төсөл санаачилсан” гэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газрын зүгээс хоёр санал тусгуулжээ.
Тухайлбал, УИХ-ын тухай хуульд 10.2.6 заалт нэмж байгаа. Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ.
УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж, 40 орчим гишүүн гарын үсэг цуглуулсан тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгдсэн билээ.