А.Баатархуягийн \”Төвдөд аялсан тэмдэглэл” хэмээх 5 цувралыг манайхан амтархан уншсан билээ. Дашрамд дурдахад А.Баатархуягийн эдгээр цуврал нийтлэл Баабарын \”Түвдийн тэмдэглэл”-ээс их өөр, зохиогч өөрийн биеэр зорьж хийсэн учраас түүх, соёл, танин мэдэхүйн ихээхэн давуу талтайг сануулсу. А.Баатархуяг энэ тэмдэглэлийнхээ хамгийн сүүлчийн, гол хэсгийг нь Ганаа ахын блогт тавина гэж амласан билээ. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч, уншигчид А.Баатархуягаас биш, надаас \”Тэмдэглэл”-ийг үргэлжлэлийг шаардах болов. Гэтэл өчигдөр А.Баатархуяг амласнаа биелүүлж, \”хамгийн сүүлчийн” гэх энэхүү бичвэрээ өгөв. Оюун сэтгэлгээний бяд зааж бичсэн гайхамшигтай ажил аж. Одоо уншигчид энэ яг болсон явдал уу ? гэж асууж шалгаах нь лавтай. А.Баатархуяг олон жил хүсэж мөрөөдсөн зорилгоо биелүүлж Төвдөд аялсан нь үнэн, бас айхтар сүрхий нэг ламтай уулзсан нь үнэн, мөн надад нэгэн өвөрмөц \”юм” бэлэглэсэн нь үнэн. Үүнээс цааш бол зохиогч үнэний зарим хэсгийг уран сайхны сэтгэлгээгээр нуусан байж ч болох юм. Гэхдээ л би бүгдээрээ үнэн байгаасай гэж итгэхийг хүснэ…
…Үнэндээ, гэв гэнэт яаран Төвд явсны учир болбаас 6 дугаар сарын 22-ны өдөр шөнө тэнцэх цагт Кайласийн бэл дэх нуурын тахилгад амжиж оролцох гэснийх…\”Хаалгагүй өргөө, баганагүй хот” өгүүлэлдээ тахилгатай уул заавал устай байдаг гэж бичсэнийг санаж байна уу ?! Кайласын тахилгын ус нь түүний өмнөх \”Үхлийн хөндийд” байдаг хос нуур юм. Яг үхлийн гэж нэрлэх нь буруу юм билээ, Мулдашев абугай жаахан утгачилсан бололтой, амьдралаас гадуур л гэсэн үг. Ер нь европ зүгийн боловсролтой хүн хоёр туйлаар сэтгэдэг, харин дорнынхон, ялангуяа буддизмын орчинд өссөн хүмүүс \”шүтэн барилдлагын” сэтгэхүйтэй байдаг. Гэхдээ мань мэт нэг их шүтээд барилдаад байх талдаа ч тааруу юм аа, яагаад гэвэл бас евроопжсон учраас…
Найман хүн чулуу байдаг, энэ чулууд \”Чандманийг хадгалдаг”. Дэлхийд 9 чандмань чулуу бууж иржээ. Нэг нь ертөнцийг эргэн явах ба хүмүүний гарт байхдаа \”бузартаж” ариун шинжээ алдвал дэлхийд гай зовлон ихдэх тул тэнд очиж \”Үхлийн нууранд” угаагдана. Тэр нуур ертөнцийн амьтны хорон мууг шингээсэн тул нэн аюултай. Манай нарны аймаг 9 гаригийн систем гэдэг байх аа?
Тэгээд \”чулуу хадгалагч” \”залгимагцаа” чулуу болон хувирах ба түүний оронд шинэ чулуу \”амилан” ертөнцийн тэнцлийг хадгалахаар гарч байдаг. Гарах чулуу харин нөгөө нуураар дамжина. Тэр бол ариун нуур. Нуурын манангаар амьсгалах төдийд ариусна. Гэвч Кайласт очсон хүн бүрэн ариусдаггүй, учир нь агаарт нь хоёр нуурын ус холилдсон бүлгээ. Хорвоо юм даа…
Самадийн хийдийн даяанч энэ жил нуурын тахилга \”болохгүй” гэсэн юм. Гэвч ярилцах зуур Богдын лүндэнд \”Болохгүй нь болохгүй гэсэн үг бус аа” гэж байдгийг санахгүй юу.
Түүнийг цагаан сахалт их өвгөжөөр лам, эсбөгөөс их онцгой хүн гэж бодож байсан авч үгүй байлаа. Тэр ч байтугай тэрээр Самадийн агуйд бус тортог болсон намхан таазтай, бараг цонхгүй шахам харанхуй, шалгүй, энгийн, жижиг бохирдуухан дуганд суудаг. Дуганы гуравны нэг түүний \”гэр”. Бусад нь бурхны \”гэр”. Өрөө нь нарийн ор л багтам, бурхны зүг хандсан орны толгой талд нэг жижиг, хавчиг дэрний шургуулгатай, хаалгагүй хагас ханаар тусгаарлажээ. Ор хана хоёрын дунд жижиг мухар сандал багтах \”коридортой”. Дэрний шургуулга дээр нь нэг модон аяга, эрхи, хонх байна. Нүдний шилтэй, бараан царайтай, бөгтөрдүү туранхай жирийн л лам. Яриагаа орчин үеийн хэлэнд буулгах гэж зөрүүлсэн байх вий гэж болгоомжилно. Миний үг мохоо, эрдэмгүйтэй адил тул… Ламбугайтай яриагаа эхлэх санаатай:
– Та яагаад агуйд суудаггүй юм?… гэвэл
– Тэр чинь энэ дуганаас нэг их ялгаатай байна уу? гэж зөрж асуув.
– Үгүй, амьтны хөлөөс хол…
– Ертөнц өөрчлөгдсөн, эгэл хүн агуйгаар өөрийгөө тусгаарлаж чадахаа байсан шүү дээ. Төвдийн хаана ч байсан \”харь хүмүүс” бужигнаж \”хайж” байна.
– Юу хайна гэж…
– Чиний л хайсныг. Чи мэдэж байгаа хойно. Чандмань айсуй тул тийшээ хүн зүглүүлж болохгүй. Чи ч тэднээс юуны ялгаатай вэ ?! Хүний сайн муу хамаа юу, ер нь бол Та нар тийм ч ариун бус аа, санаа чинь их ч дорой ядуу амьтас. Их санаатай, хайж байгаа юмныхаа учрыг мэдэхгүй. Элдэв адал явдал хайгчид эрсдэж, хүрэхгүй нь хүрснээс гайтах болуужин гэж л болгоомжилно. Өнөө цагийн хүн гэгч тэнгэр лүгээ тэрсэлдэж, \”хүрэхгүйд хүрч авахгүйг авах”-ыг бодно, гэвч хэн билээ дээ, түмэн жилийн өмнөхөөс юугаараа ялгаатай гэж ?!
-Хятадууд Балбад газар хөдөллөө гэж Кайласыг хаачихжээ. Бас Төвдөд үймээнтэй байгаа тул болгоомжлоод байна !
-Тэр чинь шалтаг. Үнэндээ тэнгэрийн таалал. Хэдий их гүрний эзэн ч юу ч хийсэн тэнгэрийн эрх ээ. Чулуу ирэх цагт энэ газар тийм юм бололгүй яах вэ ?! Энэ удаад их л гамшигтай ирлээ, хорвоогийн амьтны (хүний. Яг баруун монголд ярьдаг шиг хүнийг амьтан л гэх) тоо ихэссэний хэрээр нүгэл ихэдсэний л шинж. Сүүлийн 100 жилд гурав ирж байна аа ! Амьтны сэтгэл ч их үймж, үймүүлэх шалтгаан ч ар араасаа давхцаад байна. Эрт цаг ийм болдоггүй л байсан гэдэг. Чулуу ч ингэж ойр ойрхон гардаггүй л байсан. Мянган жил гурав ирдэг байсан, одоо зуун жилд гурав ирдэг боллоо. Тэр бүрий үймээн самуун, хямралдаан нүүрлэх юм. Шинэ эрин л хурдан нээгдээсэй дээ.
-Тахилга яагаад буруу гэж, олон шашин холилдоод ёс жаяг зөрчилдөөд буруу зөрүү тахина гэж үү ?
-Аль ч тахилгад буруу ёс үгүй ээ. Тахиж байгаа нь л зөв. Харин тэр тахилгад янз бүрийн санаа бодолтой хүмүүс оролцож, амьтны сэтгэл үймүүлнэ шүү дээ… Түүнээс загалмайтан ч бай, тэрсүүд ч бай, бон ч бай, бурхны ч бай бүгд л нэг…
-Нэгэн зуунд гурав аа?
-Энэ зууны эхээр л \”Чандмань ертөнцийд байж болохгүй болсон”. Монголд зарлиг хүрсэн шүү дээ. Танай говийн арын Егүзэрийн хийдийг хаасан биз дээ ?
-Тийм ээ, нууцын номын хийдийг энгийн болгож, бурхан шүтээнээ уулын агуйд залсан. Егүзэрийнхэн их шидтэй байсан гэдэг. Шавь нар нь хийдийн хана нэвтэрдэг, сууж байгаад нисч гэрийн тооноор холыг хардаг байсан гэлцдэг. Ер нь бүх бурхны шажинтнуудын номын шид цугласан, Энэтхэг, Балбаас ч шавилдаг ганц хийд байсан гэж сонссон. Тэгээд коммунизмаас ч өмнө, Бавуужаваас ч өмнө, бүр автономитаас ч өмнө хаачихсан гэдэг.
Баруун зүгт их дайн болж, цусан далай долгилох тул хааж, бүх шавь нарыг нь тараахдаа, баруун зүгээс залах гэж ирсэн хийд болгонд өгөөд явуул гэсний дагуу бүх шавь нараа өгөөд л явуулчихсан гэсэн. Хэзээ хойно хятад хар цэргээр эзэлж, хамбыг нь барьцаалж, дараа нь орос жанжин чулуу хайж ирээд араас нь америк, герман, дани, шведээс олон хүн шавж, бүр, их л нэгжсэн боловч юу ч ололгүй ууланд нуусан олон бурхан аваад явсан гэж сонссон доо. Одоо харин бурхад нь буцаж ирж л байгаа сурагтай.
-Тэр аргагүй ээ, тэгэхэд дорнын номын таван хаан Утайд уулзаж, чандманийг тосож ирээдүйг зурсан юм. Монголоос Жавзандамба хутагт морилсон. Лүндэн уншаа биз ?
-Уншсаан. Гэвч зөв ухаарсан эсэхийг мэдэхгүй ээ. Хутагт Халхыг л даажээ. Халхын нэртэй усны захад дайтаад ялсан шүү дээ. Яг лүндэнд зааснаар болсон. Энэ жил ялалтын ой болно.
-Тэр аргагүй ээ. Хутагт урьж, заяатай учраас Халхын тулд чулуу авсан юм аа… XIII дээрхийн гэгээн араас нь очоод авч чадаагүй. Буугаагүй байсан л гэдэг.
-Бусад монголчууд?
-Өөлдүүд (халимгийг хэлж байна) хараалын бөгсөнд ахиад цусан далай болов оо. (Халимгийн хэлмэгдүүлэлт, иргэний дайн, өлсгөлөн, нэг хоёрдугаар дайныг хэлэв бололтой) \”Жавзандамбын хараал” гэж байсан нь Номын таван хаад цуглахад ирсэн чандманьтай хамт ирээд устсан юм. Хараалыг үгүй болгох гэж тарнидсан чулуугаар сийлж ирснийг устгасан л гэдэг. (Тэр судрыг Халимгууд хараалаас гэтэлгэх гэж тахидаг байсныг хамгийн сүүлд 1915 онд Очиров гэгч чулуун бараар хэвлэсэн гэдэг ч одоо болтол нэг ч хувь олдохгүй байгаа юм) Өөлдүүд одоо зовохгүй ээ, их л догшин улс даа. Одоо дайсан ч орохгүй. Гэхдээ тэр зүгт тэнгэрс жаахан догшин бууж байгаа даа.
-Харин хайгаад олохгүй л байна. Их л холын лүндэн бошго байгаа гэж бодсон юмсан. Сая орос үймж, Чечений дайн болоход Халимагт юу ч болсонгүй. Харин тэр \”Торгуудын хараал” гэж юу байна аа? Ахиад ард түмний гай зовлон тарихгүй байгаа?
-Аан, торгуудууд хараалд, сэвтсэн өөлдийн нэр сүрийг ахин бузарлагчдыг гэсгээх учиртай юм гэнэ лээ. Шашны төлөө яваад эцэстээ шашнаа эрхшээх гэсний хариуд өөлдийг гэсгээсэн. Галдан хаан тангарагаа зөрчсөн. Гэвч тэд ертөнцөд муугаар дуурсах үйл хийсэнгүй ээ. Тэр дайнч байсан нь Чингис хааны хар сүлдийг тахидагаас болсон юм гэнэ билээ. Харин хуучин хараал бол мянганд гурав гарсан сүүлийн Чандманьтай хамт хугацаа нь дуусч байгаа юм. Түүгээр бүх зүйл ариуссан, одоо олдохгүй, сөхөх ч хэрэггүй. Хайгаад ч хэрэггүй.
-1944 оныг дуустал үйл явдал байсан гэл үү?
-44 чинь танай дайнч хар тэнгэрийн тоо биз дээ? Гэхдээ тэнгэрийн хар цагааныг сайн муу гэж ойлгох хэрэггүй. Өрнийхөн тэгж боддог байх. Зүгийн л өнгө шүү дээ. Танай бол хамгаалах зүгт хар тэнгэрс бий дээ. Оны тоо ч гэсэн, гэхдээ оргүй нь тоо болоод л тэр. Бэлгэ юм даа.
-Тийм ээ.
-Бэлгэдэл төгссөн. Харин хамгаалагчид байж л байгаа.
-Хааны хар сүлд яагаад Зүүнгарынх болсон гэж?
-Монголын 9 хөлт цагаан сүлд бол их сүлдтэйгээ 10 байсан шүү. Зүүн монголын зургаан түмэн Чин гүрэнд орсонд Монголоо чөлөөлж ав гэж дөрвөн өөлдөд 4 хөлтэй хар сүлд өргөсөн юм билээ. Тэр сүлд их догшин тул өөлдүүд дайтахаа зогсоож чадалгүй сүйдсэн гэдэг юм. Сүлд хөллөх хэцүү.
Нэг хөлийн хар сүлдийг орос руу торгууд авч явсан, гэхдээ хошуудууд авч явсан даа. Цагаан хаанд өргөөд Оросууд дайнд ялагдашгүй болсон гэдэг. Тэр цагаас хойш Орос дайнд ялагдсангүй.
Увшхан хар сүлдийг авчирч чадаагүй, торгуудын хагасыг хар сүлд татаад үлджээ. Тэр хагас л өөлдийн нэр сүрийг гутаагчдаас өс авна гэж тангарагласан тул \”Торгуудын хараал” тэр гэнэ билээ. Өөлдийг муулбал өөдлөхгүй гэсэн үг тэндээс ээ.
-Одоо Орос л хамгаалагчтай гэсэн үг үү?
-Үгүй, сүлдний хөл Орос, Британид байна аа.
-Британи яагаад авчихдаг юм?
-Төвдөд байсан хошуудын нэг тугийг нэг овог Балбад авч дүрвэснийг Английн хатан хаанд өргөсөн гэдэг юм. Их хар сүлд танайд байна. Чингис хаанаа шүтдэг биз?
-Чингис хаан, Будда хоёрын хэн нь аугаа вэ? гэж монголчууд маргаж байна даа.
-Хэнийг нь хэр олон хүн шүтэж байгаагаас тэр нь болно оо. Монголчууд Чингис хаанаа шүтэж явбал аугаа.
-Гитлерт Төвдөөс өргөсөн \”Дэлхийн эзэн хаан” цол болсонгүй дээ. Танай лүндэн зөрөв үү? Үлдсэн хоёр хөл сүлд хаана бол?
-6 сарын 22-нд өдөр шөнө тэнцэх цагаар цусан тахилга үйлдээд дайнд орсон гэдэг юм. Монголчуудтай дайтна шүү гэсээр атал дайтаад ийм болжээ. Тэр нь Монголд ч бус аа, хар сүлдэнд учир бий. Гитлер бас Британитай дайтаад… Эндээс сүлд их хайсан л гэдэг юм. Ер нь бол илүү эртнийх гээд шид үзүүлэгч бонгийнхоор явчихсан юм аа.
-Төвдөд хошуудаас сүлд үлдээгүй юу?
-Бидний юм биш ээ, зүгээр л дүрийг нь томоохон сүм хийд шүтээний хамгаалагчаар залж шүтдэг юм. Энэ бол танай л юм. Англичууд хайж ирээд буцсан даа… Гэтэл өөрт нь байсан байдаг.
-Зүүнгарын цэрэг энэ даваагаар л давсан. Энд агуйгаар ороод Лхасад дөтлөх зам бий юу?
-Тэр агуй чинь бодат гэхэд бодат биш ээ, үүд бий нь бий, цагаан нохойтой чулуу хадгалагч нар л мэддэг юм. (инээв) Чи мөрийг нь мөшгөөд л яваа биз дээ…
-Их хар сүлд хаана байгаа бол?
-Хятадууд Алтайг нэгжиж байна. Зүүнгарын нутгаар. Гэхдээ тэр олдохгүй ээ, байсан нь байхгүйтэй адил болсон. Дүрсийг нь бүрнээр нь сэтгэлдээ харж байгаа биз дээ?
-Хардаг аа… Ер нь монголчууд л бүрнээр хардаг байх. Бусад нь буруу төсөөлдөг.
-Тэр л болно шүү дээ. Та нарын сэтгэлд байгаа бол танай нарын сэтгэлийг хураасан улс л аугаа даа.
-Германы хас яагаад буруу эргүүлэгтэй болчихсон юм бэ?
-Харин бонгийнхон тэгсэн юм. Төвдөөс очиж хэлээд болоогүй л гэдэг юм. Монгол хас зөв эргүүлэгтэй шүү дээ.
-Танай хийдүүд яагаад шаландаа хас зурдаг юм бэ? Надад жаахан эвгүй санагдаад, гишгэлгүй тойрох гээд л…
-Танай Монголын уламжлал шүү дээ. Танай төмөр дөрөө дундаа хас хээтэй биз?
-Тийм ээ. Тэр бол морин дээр залж явахдаа тугны иш тулдаг байснаас үүдэлтэй, сүлдний суурь л гэх юм. Гэхдээ газар хүрдэггүй юм. Эрт цагт цөөн байсан, сүүлд дэлгэрсэн. Аюул осол, муу юмнаас холдуулдаг л гэдэг. Бас унашгүй, ялагдашгүй…
-Энэ заншлаар хас бүхнийг засдаг гэж Төвдөд үздэг юм аа. Ялалт ялагдлыг ч засдаг учраас бид сүмдээ авч үлдсэн юм. Бидний өнөөгийн ялагдал ч ялалт.
-Олон л сүлд, сахиулсан байх юм аа. Алийг гэх вэ?
-Замбутив уудам, ивээсэн даасан тэнгэрс олон. Хардаг олноо сахиулсаныг энд тэнд их олон дүрсээр буулгана шүү дээ. Гагцхүү таньж мэдэх, бузартуулахгүй тахиж сүлдлэх л хэцүү. Одоо цагт тэр ёсон алдарч дээ. Холилдож багшраад өөрийнхийгөө ч танихгүй, бусдыг ч мэдэхгүй л болж. Харин мэдсэн цөөнөө л алдчихгүй тогтоож байвал аюулгүй дээ. Монголчууд ч Хятадын шүтээнийг булааж, хэдэн зууны л дайн самуун болсон доо. Одоо тэр нь олдохгүй дээ. Харин танайхан өөрсдөө хайгаад байдагт гайхах юм? Танай юм биш шүү дээ. Лигдэн хаан л \”хувааж дарсан” гэдэг юм. Тал нь байхгүй дээ.
-Хэрэв бид нуурын тахилгад очиж чадахгүй бол, Хятадууд чулуу авахгүй юу?
-Чулуу очих хүндээ ч очно, хэн ч түүнийг эрхшээхгүй, эрхшээх гэж оролдвол өөрсдөө сүйрнэ дээ. Гэхдээ чи чулууг өргөж авчраад, өвөртөлж явдаг эд гэх гээгүй л байлгүй дээ.
-Гайхаад л,.. чулуу хадгалагч нарын зам мөрийг хайгаад ч, шинжээд ч олсонгүй ээ.
-Чулуу хадгалагч нар бол ирэх чулууг тахиж, зам зааж, урьж залах үүрэгтэйгээс бус авч явах ёсгүй хүмүүс ээ. Тэд ирэхийг мэдэж, угтаж зам гаргадаг юм аа. Гэхдээ тэд ч замаа мэдэхгүй, цагаан нохой л заадаг юм. Манай Төвдөд цагаан гарз их тэжээж, зарим сахиусанд цагаан гарз унуулсан байгаа биз ? Энэ бол Шамбалын мөрд орохын бэлгэдэл юм.
-Өнгөрсөн зуунд гурав гарсан нь хэзээ хэзээ юм бол?
-1911 онд Монгол Алтайгаар нэг гарсан. 1944 онд Энэтхэгийн хойд Гималайгаас нэг гарсан. 1999 онд Оросын Алтайгаар нэг гарсан. Егүзэрээр гардаг үүд хаагдсан. Олны хөл дарах газар шүү дээ. Тэгээд хаасан юм.
-Рерих 1944 онд Энэтхэгээс явсан байх аа?
-Тэр чулуу хадгалагчдыг дагасаар ирэх чулуунд их л ойртсон хүн дээ. Гэвч Төвдийн засаг түүнийг зогсоосон. Хүний нас тоотойхон юм даа…
-Тэгвэл чулууг угтая гэвэл хадгалагчдыг дагах хэрэггүй байх нь ээ?
-Ирэх чулуунд саад хийвэл хураагдсан ертөнцийн зовлон буцаж дэлгэрэх тул ихэд нууцалдаг юм аа. Чулуу ирэх гарахын зуурт энэ ертөнцөд тэнцвэр алдагдаж аюул нүүрлэдэг. Хоёр чулуу нэгэн ертөнцөд удаан байвал сайн муугийн тэмцэл туйлдаа хүрч сүйрэл болно. Чулуугүй байна гэж байдаггүй юм. Тиймээс эхлээд гарах нь гардаг, хожим ирэх нь ирдэг. Хоёул адилхан тул чулуу гарсны дараа ирэх чулууг алга болтол их зөрчил тэмцэл дэлгэрдэг. Яагаад гэвэл нэг нь нэн ариун, нөгөө нь нэн бузар байдаг. Гарсан нь эзнээ олтол хэдий удахыг ч хэн ч мэдэхгүй ээ. Эзэндээ хэр тогтохыг ч хэн ч мэдэхгүй ээ. Энэ удаад ч дайны гарагийн чулуу гарах болов уу даа…
-Манай говьд Шамбалын үүд бий гэдэг. Говиор гарах уу?
-Уулаар гарч нууц тэнгисээр ирмүй. Чулуунд бууж усанд ариусмуй гэж байдаг. Чулуунд буухад гал гарна, гал, ус хоёр бол бэлгэдэл нь шүү дээ. Ирэх газрын бэлгэдлээр л чандмань гэж байгаа юм. Усны дүрстэй шүү дээ. Бид угтах л үүрэгтэй улс. Ертөнцийн лай Түвдэд угаагдаж байна даа…
-Монголд яах бол оо?
-Гурван уулаар гарна. Хоёр нь танайх биш үү? Танайд усан тахил хийдэггүй болжээ?
-Хар ус гээд усаар тахил хийх дургүй дээ…
-Гарахад өлзийтэй ирэхэд хэцүү л газар даа. Аль нэг замд нь даатгавал сайн санж. Танай их цогт шүтээнээр дайрна даа?
-Харин л дээ, харийн л юм болчих гээд байна. Монголчуудын ойртохыг хорьж байна аа. Гэвч Халхын их цог эрдэнийн үүдийг сахисан хоёр зэс нохойг авч явах гээд байна даа, чадлаараа л хорьж байна.
-Ай хөөрхий, танай Халхын заяа л мэдэж дээ. Хутагт тодорсон уу?
-Тодруулах л гэж байх шиг. Би нарийн мэдэхгүй л дээ.
-Ажиг сэжиг тавьж л байгаарай. Хутагт тодорвол \”Лүндэн” бууна шүү. Өмнөх лүндэнгүүдээ сайн хар. Хэзээ дуусна, тэр цагт дараагийн лүндэн залгана. Тэр бол ирээдүйн оюун ухаан, тэр лүндэнгээр дэлхий ертөнц чигээ олж авна шүү. Тайлж уншихад бэрх тул болсон хойно нь л боллоо гэх юм. Буруу тайлж бас болохгүй ээ, нүгэл.
-Чандмань эрдэнэ яагаад усан бэлгэдэлтэй, бурхны шүтээн болчихов оо?
-Чи өөрөө мэдэж байгаа, бурхан багшийг тодрохоос эрт өмнөх будда нарын үед ч байсан, энэ бол бурхны биш тэнгэрийн шүтээн, танай хар сүлд ч тэр. Юм бүхэн цагтаа өөрийн \”дүрстэй” биш үү?
-Энэ хоёрыг зэрэг эрхшээсэн хүн бий юу?
-Бий бий, Чингис хааны аугаа үйлээр угсаа солигдоход суусан тэр хаанд л нэг удаа давхацсан. (Мөнх хаан бололтой) Чингис хааны угсаа гурван их шашны хараал дом үйлдэгч бусармагийг ертөнцөөс цэвэрлэсэн дээ. Үүний буян их ээ.
-Кайлашаас чандманийн авшигтай гээд чулуу авч болов уу?
-Сүжиг л юм даа. Очих хүн нь авах заяатайгаа л төрнө. Чи сонирхож яах нь вэ? Ер чулуу хөдөлгөж яах вэ? Харин эрхи ав. Дэлхийн бүх шашинд эрхи л байдаг. Цагаан, улаан, ногоон өнгийн гурав гурван эрхи аваад, хүнд өгөөд чамд үлдсэн нь тэр болно оо.
-Манайд ирсэн улаан чулуу бий л дээ. Манай Самади номын хааны хувилгааных…
-Чандманиас адисласан усан мөртэй улаан чулуун (хув байж таарав) сахиусыг Богд цэргийн даасан лам нарт хадгалуулсан гэдэг юм. Тэрний нэг байх л даа. Хэрэглэх хүнд хэрэгтэй, чадахгүй хүн оролдоод яах вэ? Шүтэж л яв.
-Баярлалаа гэгээнтэн, зам мөрөө хаана даатгах вэ?
-Энүүхэн дээр жижиг дуган бий, урдаа цагаан хадаг бариад гол хүрдийг нар зөв эргүүлээд тойрч байвал хаалга харагдана, түүгээр орж даатгаад гарахдаа хүрдний нөгөө талаар гарч ирэх бий, бас залбираарай. Буцаад хаалгаа олохгүй тул битгий хойш анхаараарай. Юм дагах вий. Айж болохгүй. Ганцаараа орвол дээр, хаалгыг чамаас өөр хүн олж үзэхгүй л байх. Хамт орсон хүн чинь шид үзлээ гэж цочих магад. Тэр нөгөө чиний сурдаг агуйн үүд. Бурхан бий, даатгаад гар. Бүү хүр. Гэхдээ чи түүнээс илүүг харах хүн биш санж л. Ирсэн чинь, уулзсан чинь учиртай биз. Бусдад бол хүрдтэй дуган л санагддаг юм, мэддэг хүнд бол шажныхаас огт өөр сахиуснууд бий… Сайн даатгавал чиний хүсэл төдийд болно оо. Хамт яваа хүнээ ч даатгаарай.
Дахин талархая. Кайлас явах зам мөрийг засаж хайрлана уу?
Даатгалтай яваа юм биш үү? Энд нэг хийд дутуу эргэж дээ. Монголынхоо Ганданг эргэчихээд гарахгүй дээ. Голын хөвөөн дэхь сахиусны сүмээр орж даатгаад гараарай. Аандаа чи бодож л яваа байх. Болбол алсдаа галын сүмд бараалхахыг бодоорой. Яарахгүй бол тэр зүгт хэцүүхэн л болох байх шүү. Сайн яваарай…
За би хичээе. Болох байх аа, ярьж байгаа юм. Сайн суугаарай…
Гээд тэндээс гарч хэлснээр үйлдэв. Яриа бол домгийнх юм даа. Ярьсан нь яриагүй гэсэн хэрэг. Яриагүй нь ярьсан гэсэн үг. Ийм юмыг бичээгүй ч бичсэнтэй адил, бичсэн ч бичээгүйтэй адил. Хүн өөрт тусгаж авахгүй бол уншсан ч тогтохгүй. Тогтохгүй бол уншаагүйтэй адил гэх мэт хоосон барилдлага (логик хэлхээ) бий л дээ…
Сэтгүүлч А.Баатархуяг