Ази-Европ тивийн шилдэг боксчид ирэх хоёрдугаар сарын хоёронд Чехийн Прага хотод халз тулалдахаар болжээ. Энэхүү халз тулаанд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг нар тивээ төлөөлөн “бууурал” тивийн баксчинтой хүч үзнэ.
Одоогоор Ази-Европ тивийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хэн хэн орсон нь тодорхойгүй байгаа юм байна. Энэ талаар Монголын сонирхогчдын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан өөрийн цахим хуудсаараа дамжууллаа
Эрдэнэбатын Цэндбаатар 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Риогийн олимпийн 56 кг-д эх орноо төлөөлөн оролцож байсан. Өнгөрсөн онд Азийн наадмын 60 кг-д түрүүлж, “Бөртэ чоно 2018”-ын эзэн болсон юм.
Баатарсүхийн Чинзориг 1991 оны есдүгээр сарын 21-нд төрсөн. Риогийн олимпийн 64 кг-д эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Өнгөрсөн оны Азийн наадмын 64 кг-д мөнгө, 2017 оны тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн туршлагатай. Энэ жилийн УАШТ-д 64 кг жингийн аваргын төлөө Э.Цэндбаатарыг ялж, түрүүлээд зогсохгүй тэмцээний шилдэг тамирчнаар тодорсон билээ.
Манай боксчид халз тулаанаа дуусгаад шигшээ багийнхаа хамтаар Унгар, Болгар улсад болох Олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.