Бид өмнө нь Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн Нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид ирүүлснийг хүргэж байсан билээ. Үүний дагуу Шинжлэх ухааны академи хуралдаж Дамдинсүрэнгийн Урианхайг нэр дэвшүүлэхээр тогтсон байна. Тэдний энэхүү саналыг Монголын зохиолчдын эвлэл хуралдаж баталгаажуулах эсэхийг шийднэ.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай нь 2018 онд мөн Нобелийн “Утга зохиолын шагнал”-д нэр дэвшиж байсан юм. Тэрбээр 2017 онд БНСУ-д болсон “Азийн өглөө” фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн билээ.
Нобелийн шагналд нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн Нобелийн хороонд мэдэгдэх ёстой. Нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч байх бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх шаардлагыг тавьдаг. Нэр дэвшигчдийг хоёрдугаар сарын нэгэнд сонгож, шалгаруулалт явагдсаар 12 дугаар сард шагналыг нь гардуулах юм байна.