Энэхүү нийтлэлд 1960-аад онд төрсөн. Социализмын бүтээн
байгуулалтын үед ясли, цэцэрлэг, дунд, дээд сургуулийг төгсч, гэр бүлтэй болж,
Монголд өрнөсөн ардчилал, социалист системийн задрал, бараа бүтээгдэхүүний
үнийг хоёр дахин нэмсэн1992 оны Засгийн газрын алдарт ХХ тогтоол, хүнсний
барааны хомсдол, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй болсон. Ард,
иргэд картны системд орсон.
Социалист системээс зах зээлийн нийгэмд орох
үеийн хүндрэл, ажилгүйдэл,архидалт, Траншейнийхэн, Өвгөнтийнхэн зэрэг
нийгмийн эмзэг давхарга үүссэн хүнд үеүдийг даван туулж, гэр бүлийнхээ
амьдралыг авч явах гэж Солонгос улсад 14 жил ажиллаж, амьдарсан. Айл
гэрийн өмөг түшиг болсон өрхийн тэргүүний амьдралыг харуулсан болно.
Би эхнэртэйгээ 1983 оны намар, Цэргийн төв эмнэлгийн дотрын тасгийн сувилагчаар ажиллаж байхад нь танилцаж, 1986 оны 2 сарын 2-нд УБ хотод хурим хийж, 3 сарын 2-нд хүү маань төрсөн.
Хүүг төрөхөд манай хадмынх, Яармагт гэрт амьдардаг байлаа. Намар нь Х хорооллын 6 дугаар байрны гурван өрөө байранд орсон тул бид гурав жижиг өрөөнд нь амьдрах болсон.
1988 оны зун би байгууллагынхаа байранд /Толгойтын Нефть баазын дэргэд, 27 айлын гурван давхар, гурван цагаан байрны баруун талынх/ гурван давхарын нэг өрөөг ажиллаж байсан станцаас нaдад өгсөн тул бид гурав тусдаа амьдрах болсон.
Эхнэр бид хоёр ажилтай тул би өглөөд хүүгээ, Х хорооллын 116-р цэцэрлэгт хүргэж өгч, орой нь авдаг байлаа.
Манай ажилчдын автобус өглөө 07.10-д байрны гаднаас хөдөлж, Х хороолол, III-IY хорооллоор дамжин, Хонхорын нэвтрүүлэх станц хүртэл явдаг юм. Би түүнд хүүтэйгээ сууж, Х хороолол ордог байсан.
1990 онд Ардчилал өрнөж, нийгэм тэр аяараа өөрчлөгдөн, социалист систем задран унаж, зах зээлийн системд шилжих, хувьчилал, хүнсний барааны хомсдол, улмаар картын системд шилжих хүртэл арга хэмжээг авч байсан.
Энэ үеүдэд бид хоёр хоёулаа төсвийн байгууллагад ажиллаж байлаа. Эцэг, эх, ах, дүү нартай туслах нь бүү хэл, өөрсдийгөө арай чүү авч явж байв. Ардчилал эхэлснээр хүмүүс гадаад паспорттай болж, Орос, Хятад, Европ руу явж, наймаа хийснээр өргөн хэрэглээний бараа нэмэгдэж, картаар олгохоо больсон.
1992 онд Засгийн газрын ХХ тогтоол гарч, бүх юмны үнийг хоёр дахин нэмсэн нь хүмүүсийн амьдралд их нөлөөлж, ядуурал улам ихэссэж, нийгэмд гэмт хэрэг, архидалт даамжирснаар, гэр бүл салалт, түүний нөлөөгөөр хүүхэд эцэг, эхийн хяналтаас гарч, \”Өвгөнтийн хөндий”, ”Траншейнийхэн” гэсэн эмзэг бүлгийн давхарга үүссэн.
Энэ хүнд жилүүд, бидний амьдралд нөлөөлж, хэрүүл, маргаан гарах, амьдралд өгсөж, уруудах үе байвч, бид хоёр зөвхөн хүүгээ сайн хүн болгож өсгөх, түүний төлөө зорилго нэгтэй тэмцсээр…
1993 онд хүү маань III хорооллын ”Гоц авьяастны” 93-р дунд сургуульд суралцах боллоо. Үүнд бид хоёр баяртай байлаа. Хүүгээ сургуульд орох бэлтгэлийг нь хангах гэж, би хоёр кассетны магнитфон авч өгөх, хальсанд бичлэг хийх, дуртай номыг нь хүүгийнхээ хүсэлтээр, өдөрт хэдэн ч удаа хамаагүй,уншиж өгөх, үлгэр ярих гээд л… өөрийнхөө зүгээс их анхаарал тавьж байсны хүчинд, хүү маань I ангид орохдоо, кирилл үсгээр чөлөөтэй уншиж, саяын дотор тоолдог болчихсон байсан.
Үргэлжлэл бий
Ц.Эрдэнэбат