АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд болон Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд өчигдөр босгосон бондынхоо талаар \”Бондын бүтээн байгуулалт\” нэртэй хэлэлцүүлгийг \”Шангрила\” зочид буудалд хийлээ.
Гадна дотны олон хүмүүсийн өмнө АН-ын дарга тэргүүтэй нөхдүүд \”Чингис\” бондын талаар дүгнэлт хэлэв. Бонд босгох үед Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж их хэмжээний өрийг \”бужигнуулсан\” эрхэм ч бас хүрэлцэн ирж өөрийн үзэл бодлоо илэрхийлж харагдсан.
\”Чингис\” бонд араасаа хариулт нь олдохгүй олон асуудлуудыг дагуулдаг нь үнэн. Өнгөрсөн өвөл гэхэд л МАН-ын бүлгээс байгууллагдсан ажлын хэсгийнхэн \”Хөгжлийн банк\”-ыг шалгаж олон арван \”но\” илрүүлсэн. Бонд босгож, монголчуудыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан нь буруу хэний гавьяа вэ. Эсвэл энэ зүйлийн төлөө бас хэн нэгнээс гавьяа нэхэж, эрж хайх ёстой юу. УИХ-ын даргын өчигдөр хэлсэн шиг тэртээ 2012 онд бид салаа замын бэлчир дээр гараад зогсчихсон байсан. Алийг нь сонгох вэ гэдгээс Монголын өнөөдрийн нөхцөл байдал хамаарахаар байлаа. Гэвч эрх баригчид зээл авч, өр тавиад түүгээрээ зам тавих гэнэн бодолдоо хөтлөгдөж их эзэн хааныхаа нэрийг улстайгаа нийлүүлээд \”ломбарданд\” тавьж. 1.5 тэрбум ам.доллар босгож чадсан. Арга ч үгүй биз. Эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй байсан оронд ямар ч улс зээл өгөхөөс татгалзана гэж байхгүй. Харин ийм богино хэмжээнд эдийн засгийн өсөлтөө 4 гэсэн нэг оронтоо тоо руу оруулаад ирнэ гэж хэн мэдэх билээ. Эрх баригчдыг ийм \”гэнэтийн бэлэг\” барина гэж зүүдлээчгүй явсан. Салаа замын бэлчир дээрээс 2012 онд бид хамгийн мууг нь сонгоод \”гүйчихсэн\”.
2013-2015 онд бондын 4.9 их наяд төгрөгийг авто зам, томоохон төслүүд, хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд гэсэн гурван чиглэлээр санхүүжилт хийсэн гэнэ. Хөгжлийн банкаар дамжиж гарсан уг мөнгийг өнгөрсөн намар МАН-ын бүлгийн ажлын хэсэг шалгаж үзээд маш олон төрлийн булхай ирүүлсэн гэдгийг дээр дурдсан. Бондын мөнгийг үр ашиггүй \”цацсан\” гэдгийг илчлэх ганцхан жишээ нь \”Гудамж\” төсөл.
Монголчуудыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан уг өрийн бичгээс багагүй хэмжээний мөнгийг нь \”залгисан\” нь \”Гудамж\” төсөл байв. Тэр ч утгаараа АН-ынханы энэ сонгуульд урдаа барин орж буй ганц ажил нь энэ юм. Төслийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж дууссан 96 аж ахуйн нэгжээс өнгөрсөн сарын дундуур мэдэгдэл хийж төрөөс санхүүжүүлэлтээ авахгүй бол үүдээ барих дээрээ тулсан гэдгээ учирлав. Нөгөө 100 хувь санхүүжүүлсэн гээд байсан мөнгө төгрөг хаачив.
Ер нь бондын мөнгийг хэрхэн юунд зарцуулсан нь талаар баттай тоо баримт бараг л байхгүй. Энэ талаар эрх баригчдаас асуухад задаргааг нь гаргаж өгөхөөс мэлзэж суудаг нь үнэн. Ядаж \”Гудамж” төслийн зарцуулалтын нэгдсэн мөнгөн дүнг бүхэлд нь биш задаргааг нь олон нийтэд дэлгэж, уг төсөлд ямар компани хэдэн төгрөгийн санхүүжилтээр аль уулзварыг хийсэн, гэрэлтүүлгийг хэдэн төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэх зэрэг задаргааг ил болгох хэрэгтэй. Бондын эргэн төлөлт ирэх оноос эхэлнэ. Энэ үед эдийн засаг жинхэнэ утгаараа үгүйрэх магадлалтай.
Монголчуудыг түүхэндээ байгаагүй их өрөнд оруулсан эрх баригчид өнөөдөр бидэнд сайрхах нь зохимжгүй л юм. Н.Батбаярынхаа хэлсэн шиг өр гэдэг үгийг арга билэгийн үүднээс хувиргаж үзээд \”Өглөг\” болгож өөрчлөөд ч эрх баригчдын тарьсан балаг арилахгүй. Манайд мөнгө зээлсэн улс зээлсэн мөнгөө мартахгүй. Мөнгө зээлж түүгээрээ онгоцыг талх шиг авдаг, зээлсэн мөнгөө эргэж төлөгдөх боломжгүй шахуу автозамын салбар руу \”урсгадаг\” арга туршлага энэ дэлхийд лав байхгүй. 888 төсөл гэх сүржин даржин нэртэй \”тэнгэр\”-ийн төслүүдээс нь хэд нь хэрэгжиж, хэд нь үр ашгаа өгсөн бэ. Магадгүй үүнийг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ыхан л мэдэх байх даа. Гэхдээ ард түмний ой санамж арилдаггүй юм шүү.
Г.Сүрэн