Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын арав дахь тулаанаа IBO холбооны дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдаж оноогоор ялсан билээ. Тэрээр ринг дээр гарч ирэхдээ өөрийн өмнө Их хар тугийг залсан нь Монголчуудынхаа зүрхийг огшоосон явдал болсон юм. Түүний өмнө энэхүү тугийг Монгол улсын арслан Р.Пүрэвдагва барьжээ.
Энэхүү Их хар тугийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Д.Даваахүү, Гавьяат малчин, Тод манлай уяач Д.Онон нарын хурдан удмын 99 адууны дэл, сүүлээс дээжлэн бүтээсэн байна.
“Barclays Center”-т залсан Их хар тугийг түүний тоглолтод зориулан ивээн тэтгэгч “Алтан Дорнод Монгол” компаниас санаачлан бүтээж, АНУ-д хүргэжээ. Энэхүү компани нь боксчны ивээн тэтгэгчээр ажилладаг билээ.