Өнөөдөр СЕХ-ноос УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл өглөө.
СЕХ “УИХ-ын 42 дугаар тойргийн гишүүний нөхөн сонгуулийг хоёрдугаар сарын 10-ны өдөр товлон зарлаж санал авах өдрийг зургадугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон. Энэхүү нөхөн сонгуулийг СЕХ 2018 онд явуулахаар товлосон ч ҮХЦ дээр гаргасан маргааны улмаас сонгуулийн тов хойшилсон.
Шинэ хуулиар төрийн зарим эрх бүхий албан тушаалтан сонгуульд нэр дэвших бол тухайн жилийн нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаа хүлээлгэн өгдөг байсныг сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор хүсэлтээ дээд албан тушаалтандаа гаргадаг болгон өөрчилсөн. Энэхүү хүсэлтээ гаргах хугацаа нь энэ долоо хоногийн тав дахь өдөр дуусч байгаа тул яаралтай мэдээлэл хүргэж байгаа юм. Харин санал хураалт явагдахаас 120 хоногийн өмнө сонгуульд нэр дэвшигч болон оролцогч намын сонгууийн дээд зардлыг аудитын байгууллага тогтоож өгсөн байх ёстой. Энэхүү 120 хоног нь гуравдугаар сарын нэгнээр төгсгөл болно.
Энэ удаагийн сонгуулийн нийт зардал 287.6 сая төгрөг гэж УИХ тогтоосон. Үүнээс 246.1 сая нь СЕХ, 33.2 сая нь Улсын бүртгэл, 8.3 сая нь цагдаагийн газарт хуваарилагдаж байгаа. Сонгуульд Хэнтий аймгийн төв болон Мөрөн, Жаргалтхаан гэсэн сумууд оролцоно. Өмнөх сонгуулийн санал хураалтад 80 гаран хувийн ирцтэй оролцож байсан тул ирц бүрдэлтэнд санаа зоволтгүй байх” гэлээ.