Монголын сагсан бөмбөгийн холбоон доторх маргаан сүүлийн жилүүдэд тасралтгүй үргэлжилсээр байгаа билээ. Өнөөдөр МСБХ-оос сагсанбөмбөгийн хөгжилд саад учруулж буй зарим хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Монголд сагсанбөмбөгийн хоёр холбоо байгаагүй. Гэхдээ одоо хүмүүст тэгж ойлгогдож байна. Энэ асуудалд шүүхийн маргаан байсан учир бид өдийг хүртэл дуугүй байсан. Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Цэрэндондог овогтой Цэвэрбал бүртгэлтэй байгааг тодорхойлсон.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга (БТСГ) Ц.Шаравжамц өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан гэж мэдэгдлээ.
МСБХ-оос тэднийг Монголын үндэсний олимпын хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан гэж буруутгаж байгаа юм. Тэдний энэхүү үйлдэл нь монголын сагсан бөмбөгийн хөгжилд саад болж байна гэж үзэж БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нараас шаардаж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.