Засгийн газрын өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Сангийн яамнаас зарим сангуудад хийсэн шалгалтын дүн болон авах арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байна. “Сангуудад хуримтлагдсан олон асуудал байсан. Тэр бүгдийг Засгийн газар дээр нухацтай хэлэлцэсний дараа шийдвэр гаргах ёстой. Дахиж алдаа гаргах эрх бидэнд байхгүй” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Мөн тэрбээр “Тариалан эрхлэлтийг дэмжих санг сайтар шалгасан. Байгуулагдсан цагаас нь эхлээд шалгасан. Нэлээдгүй зөрчил илэрсэн. Үүнийг засч залруулах, үүнийг олон нийтэд ил болгох талаар ярьсан. “Мал хамгаалах сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан”, “Авто замын сан” гэх мэт нэлээд хэдэн санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Засгийн газрын гишүүд тайлантай танилцаад ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргахаар шийдвэрлэлээ.
“ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна.
130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байна. “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдаснаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Маш их давхцалтай байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийнхаа зээлийг төлөх зүйлүүд ч нэлээд гарсан. Энэ нь Монголбанкны мэдээллийн сантай уялддаггүй, ил тод биш, шилэн дансанд ордоггүй нь гарсан зөрчлүүдийн суурь болсон гэж үзэж байгаа. Тиймээс бүх сангуудыг ил тод болгох, олон нийтийн оролцоог бий болгоно” гэлээ.