Жүдо, самбо бөхийн Монгол Улсын 21 удаагийн аварга, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Булган аймагт болно.
Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Тэмцээнд эрэгтэйчүүд 55, 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүд 44, 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд өрсөлдөнө.
Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул бөгөөд 2003-2013 онд жүдо бөхийн улсын шигшээ багийн гишүүн, Монгол Улсын найман удаагийн аварга тамирчин билээ.