Хэрвээ орчин цагт дайн байлдаан боллоо гэж төсөөлбөл дайн хэзээ, яаж, хаанаас, хэрхэн эхлэх вэ гэдэг хамгийн сонирхолтой асуултын нэг болж хувирна. Ийм тохиолдол болсон үед цэргийн хүний үүднээс харахад эсрэг талын удирдлагын системийг хамгийн түрүүнд устгахыг эрмэлзэх бодол толгойд орж ирэх нь дамжиггүй.
Энд холбоо, мэдээллийн удирдлагын төв, зангилгаа, газарт, агаарт, тэнгист, сансарт суурилсан удирдлага, холбооны төрөл бүрийн техник, төхөөрөмжүүдийг жагсаалаас гаргана гэсэн үг болж байна. Энэ дотроос хамгийн их мэдээлэл дамжуулж буй сансарт байгаа хиймэл дагуулууд гол анхаарал татах ба тэр чинээгээр нэн түрүүнд устгах “бай”-ны жагсаалтад орно.
Өнөөдрийн байдлаар сансарт иргэний зориулалтаар 2100 нэгж, цэргийн зориулалтаар 950 нэгж хиймэл дагуул ажиллаж байгаа ба үүний 320 нэгж хиймэл дагуулыг давхар зориулалтаар ашиглаж байгаа ажээ. Эндээс харахад дайсагнагч талууд сансарт байгаа эсрэг талын цэргийн, тагнуулын, холбоо, мэдээллийн хиймэл дагуулуудыг устгахаас дайн эхлэнэ гэсэн дүгнэлт хийвэл хол зөрөхгүй байх. Сансарт байгаа хиймэл дагуулыг газарт суурилсан пуужингаар устгах туршилт аль дээр хийгдэж, АНУ, ОХУ, Хятад зэрэг улсууд ийм чадавхитай болжээ.
Тэгвэл саяхан АНУ-ын Нисэх хүчин эсрэг талын газарт болон сансарт суурилсан төрөл бүрийн пуужин, зэвсгийн шууд цохилтоос өөрийн хиймэл дагуулуудаа “бултах/зайлсхийх” боломжтой болгох төсөл хэрэгжүүлж эхэлснээ зарлав. ОХУ, Хятад зэрэг улсууд сансарт суурилсан лазерийн зэвсэг болон бусад төрлийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь америкчуудын ийм алхам хийхэд хүргэж байгаа бололтой.
Хиймэл дагуул нь дайсны талаас харвасан пуужингаас “бултах”-ын тулд их хэмжээний түлш, хамгийн гол нь нэг маршрутаар байнга хөдөлгөөн үйлдэхгүй байхад голлож анхаарах ёстой болно. Тийм учраас энэ бүх асуудлыг шийдвэрлэх технологи, техникийн шийдлийг олж, практикт нэвтрүүлэх нь энэ төслийн зорилго оршиж байна.
Р.Энхболд