Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр Ерөнхийлөгчийн улстөрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн билээ. Ажлаа өгөх шалтгаанаа Ардчилсан намаа цэвэрлэх гэж тайлбарласан. Намынхаа одоогийн удирдлагуудын хийж буй үйлдлийг шүүмжилж өнөөх “Шудрага бусын хонгил”-ынхоо тухай ярьж явна. Гэхдээ өнөөдөр ажлаа өгч буй цаад шалтгаан нь Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжиж оролцохоор шийдсэнд бололтой.
МУИС-ийн багш байсан тэрээр 1990 оноос хойш МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд зэрэг олон хариуцлагатай өндөр албанд сууж явсан эрхэм.
Тус сонгуульд МАХН-аас намын дарга Н.Энхбаяр өрсөлдөх нь бараг л тодорхой болчихлоо. Экс Ерөнхийлөгчийн ээж нь Хэнтий аймгийн Дадалынх. Анх 1992 онд УИХ-д орж ирэн П.Жасрайгийн Засгийн газарт Соёлын сайдаар давхар ажиллажээ. Н.Багабандиас намын даргын тамгыг гардаж 1997 оны УИХ-ын нөхөн сонгуулиар парламентад орж ирснээр тухайн үеийн засаг барьж байсан эвсэл дөрвөн удаа Засгийн газраа огцруулах үндэс тавигдсан юм.
Ингээд 2000 онд Н.Энхбаяр даргатай тухайн үеийн МАХН одоогийн МАН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж, намын дарга Ерөнхий сайдаар томилсон. Харин 2004 оны сонгуулийн дараа эвсэл байгуулагдаж УИХ-ын даргын сэнтийд заларсан. Ингээд энэхүү суудалдаа нэг их удалгүй 2005 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгыг бас л Н.Багабандиас гардсан билээ. Харамсалтай нь дахин сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид нэг хувийн саналын зөрүүтэй ялагдаж улстөрийн өндөр албан тушаал нь дууссан. Ингээд өөрийн төрөлх намаа орхин шинээр МАХН байгуулж, бас “аавынд” сууж үзсэн туршлагатай улстөрч.
Энэ хоёр эрхмийн хэн нь ч УИХ-д сонгогдох боломжтой хуучны лидерүүд. Тэдний хэн нь ч сонгогдсон УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ыг нугасалж унагаах үүрэг хүлээх юм.