УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Парламентын гишүүдийн тоог 126 болгосноороо энэ удаагийн сонгууль онцлог.
Үүнтэй уялдуулан Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа. Тэгвэл хуулийн хэлэлцүүлгийн явцад санал өгсөн нийт иргэдийн дөрвөн хувиас дээш санал авсан улс төрийн нам УИХ-д суудалтай болох эрх үүсэх юм байна. Хуулийн төсөлд гурван хувь гэж тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд 4 болгон нэмэгдүүлсэн юм.
Мөн энэ удаагийн сонгууль 76 тойрог, 78 мандаттай болсон учраас улс төрийн нам тойргийн 78 мандатын 50+1 хүнийг нэр дэвшүүлж байж УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй болох өөрчлөлтийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгажээ. 76 гишүүнтэй байхад улс төрийн намууд 76 тойрогт бус нэг, хоёр тойрогт хүнээ нэр дэвшүүлж болдог байсан. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн нам өөрийн нөөц боломжийн хэмжээнд сонгуульд оролцдог байсан. Тэгвэл энэ удаад тойргоос сонгогдох 78 мандатын 50+1 хүнийг нэр дэвшүүлж байж Их хурлын сонгуульд оролцох эрхтэй болох өөрчлөлтийг тусгасан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ “парламентын засаглал бол намууд бодлогоор өрсөлдөж орж ирдэг. Тэгэхээр намуудын төлөвшил их чухал байгаа юм. Намууд төлөвшихийн тулд сонгуульдаа оролцдог байх нь чухал. Мөн гарч ирээд бодлогоо хэрэгжүүлдэг бүтэц нь маш чухал байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 76 тойргийн 78 мандатын 50 хувьд нь нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Улсын хэмжээний бодлого боловсруулах нам юм бол 152 гишүүний 50 хувийг нэр дэвшүүл гэдэг шаардлага тавьж байгаа” гэлээ.
Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 39 нам бий. Одоогийн парламентаас бусад бүх парламент хоёр нам л парламентад төлөөлөлтэй байж ирсэн. Өөрөөр хэлбэл, бусад намын төлөвшил, боловсон хүчний нөөц хангалттай биш. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан тус заалтаас болж Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 39 намын хэд нь энэ удаагийн Их хурлын сонгуульд орох вэ.