АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт хэвлэлийн хурлын үеэр аутизмыг өвчин намдаагч “Tylenol” эм болон вакцинтай холбон тайлбарлав.
Тодруулбал эмэгтэйчүүд жирэмсний үедээ хүчтэй өвчин намдаагч эм болох “Tylenol” хэрэглэх, хүүхдэд бага насанд нь хийдэг вакцин зэргээс болж аутизмтай хүмүүс нэмэгдэж байна гэжээ.
Тэрбээр “Tylenol бүү хэрэглэ. Хүүхдэдээ хэтэрхий эрт вакцин хийлгэхээс татгалз” хэмээн зөвлөсөн аж.
Харин аутизмын шинж тэмдгийг бууруулахад фолийн хүчлийн нэг хэлбэр болох леуковорин хэрэглэхийг санал болгосон байна.
Гэвч мэргэжлийн байгууллагууд олон улсын судалгааны үр дүнгээс онцлоод “Tylenol”-ийн идэвхтэй найрлага болох ацетаминофен нь жирэмсэн эмэгтэйчүүдэд аюулгүй гэдгийг тодотгожээ.
Америкийн Хүүхдийн эмч нарын академи, Эмэгтэйчүүд болон эх барих төв, анагаах ухааны болон аутизмын олон байгууллага Трампын мэдэгдлийг эрс няцааж “хүмүүст худлаа найдлага төрүүлж байна” хэмээж байгаа юм.
Хэвлэлийн бага хуралд Трамптай цуг вакцин эсэргүүцэгч, Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр. байсан бөгөөд тэрбээр өмнө нь “аюулгүй вакцин гэж байхгүй” хэмээн мэдэгдсэн удаатай.
Эх сурвалж: Reuters