Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд өчигдөр /2019.03.23/ 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн эхний тоглолтууд явагдлаа.
Тэмцээний “G” хэсэгт Сингапур, БНАСАУ, Хонгконг болон Монголын шигшээ багууд багтжээ. Хэсгийн эхний тоглолтууд БНАСАУ-Монгол, Хонгконг-Сингапурын хооронд явагдсан бөгөөд БНАСАУ 3 оноо авч, Хонгконг болон Сингапур улсууд оноогоо хуваажээ.
Монгол, БНАСАУ-ын хооронд болсон тоглолтод зочин баг 1:0-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын нэгдүгээр үеийн 37 дахь минутад БНАСАУ-ын довтлогч Жон Кум Сон булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж хаалганд оруулснаар тоглолтын тэргүүллийг авч эхэлсэн юм. Үүнээс хойш Монголын баг олон аюултай довтолгоон хийсэн хэдий ч эсрэг багийн торыг хөдөлгөж чадалгүй тоглолтын цаг дуусчээ.
Хэсгийн хоёр дахь тоглолтууд маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно. Хоёр дахь тоглолтод Сингапур-БНАСАУ, Монгол-Хонгконг багууд хоорондоо тоглох хуваарьтай байна.