Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 гэсэн 10 жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болж өндөрлөв. Эхний өдрийн жин тус бүрийн тоймыг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 57 кг (17 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Петр Константинов 3. Тамир Гармаев (хоёул ОХУ), Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол)
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин МУГТ Э.Бэхбаяр бүх хүчтэй өрсөлдөгчөө ялж, “Монголиа Опен”-д сүүлийн таван жил дараалан түрүүлэв. Бэхээ гавьяат 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Чинзоригийг 7:1-ээр, таван жилийн өмнө нь Ташкентийн дэлхийн аваргад өөрийг нь ялж хүрэл медаль хүртсэн Беларусийн Владислав Андреевийг 7:2-оор, өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилээс доод жиндээ барилдах болсон ОУХМ Т.Түвшинтулгыг 3:0-ээр, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Якутын Петр Константиновыг 4:0-ээр ялсан.
65 кг (29): 1. Риома Анракү (Япон) 2. Дарханбаярын Тэнгис 3. Төмөр-Очирын Тулга, Батсайханы Нэмэхбаяр (бүгд Монгол)
2017 оны залуучуудын Азийн аварга Японы Риома Анраку “Монголиа Опен”-д аваргаллаа. Хүчтэй өрсөлдөгч олонтой энэ жинд япон залуу үнэхээр уран сайхан барилдаан үзүүлж түрүүлсэн. “Монголиа Опен”-д анх удаа оролцсон “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчин Д.Тэнгис мөнгө, 2013, 2015 оны тус тэмцээний аварга хашир туршлагатай ОУХМ Б.Нэмэхбаяр, 14 хоногийн өмнө нь Азийн аваргад түрүүлсэн ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртэцгээв. Энэ жинд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин эхний даваанд Т.Тулгад ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Энэ жилийн 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Т.Тулга урамтай сайхан барилдаж “Монголиа Опен”-ий анхны медаль,түрүүгээ хүртлээ.
74 кг (15): 1. Арсалан Будажапов 2. Евгений Жербаев (хоёул ОХУ, Буриад) 3. Яжүро Ямасаки (Япон), Гантулгын Шижир (Монгол)
Улаанбаатарын дэвжээнд өмнө нь хоёр удаа түрүүлж байсан монголчуудын эчнээ танил буриад эрчүүд болох Евгений Жербаев, Арсалан Будажапов нар 74 кг-ын жинд финалдав. Будажапов өмнөх хоёр жил нь доод жинд буюу 70 кг-д аваргалсан нутаг нэгт Жербаевыг 7:0-ээр илүүрхснээр гурав дахь удаагаа түрүүллээ. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Японы Яжүро Ямасаки, 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Шижир (өмнө нь Идэрхүү нэрээр барилддаг байсан) хүрэл медаль хүртэв.
86 кг (10): 1. Оргодолын Үйтүмэн 2. Ганбаатарын Ганхуяг 3. Баатарын Нямбаяр, Энхтүвшингийн Батмагнай (бүгд Монгол)
Энэ жинд бүх медалийг манайхан хамав. “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, хашир туршлагатай ОУХМ О.Үйтүмэн “Монголиа Опен”-д хараахан түрүүлээгүй байсан бөгөөд анх удаа алтан медалийн эзэн болов. Үйтээ 2013, 2017 онд мөнгө, 2012, 2015 онд хүрэл медаль хүртэж байв. Өнгөрсөн жилийн тус тэмцээний мөнгөн медальт ОУХМ Г.Ганхуяг дахин үзүүрлэсэн бол залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Нямбаяр, өсвөр үе, залуучуудын улсын аварга, Баянхонгор аймгийн 18 настай тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо. Залуу тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөхөд 5:6-гаар хожигдож яваад цаг дуусах мөчид ялалтын оноог авсан.
97 кг (9): 1. Өлзийсайханы Батзул (Монгол) 2. Такэши Ямагүчи (Япон) 3. Лувсандоржийн Төртогтох, Пүрвээгийн Өсөхбаатар (хоёул Монгол)
ОУХМ Ө.Батзул анх удаагаа “Монголиа Опен” ОУТ-ий аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд 2015, 2018 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2015 оны “Монголиа Опен”-ий хүрэл медальт Такэши Ямагүчиг 6:0-ээр ялснаар алтан медалийн тавцанд зогссон юм. Хүрэл медалийг өмнө нь “Монголиа Опен”-д аваргалж байсан ОУХМ П.Өсөхбаатар, Л.Төртогтох нар туршлага заан хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 50 кг (11): 1. Буяндалайн Чимгээ 2. Нандинцэцэгийн Анударь 3. Бямбасүрэнгийн Мөнхнар (бүгд Монгол), Валерия Чепсаракова (ОХУ)
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Чимгээ “Монголиа Опен”-ий анхны медаль,түрүүгээ хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий медальт, спортын мастер Н.Анударьтай учраа таарсан юм. Энэ жилийн Иван Ярыгиний Гранприд тэд хоорондоо таарахад Н.Анударь ялж байсан бол энэ удаа Б.Чимгээ даагаа амжилттай нэхэж аваргын тавцанд зогсов. Хүрэл медалийг өмнөх хоёр жилийн “Монголиа Опен”-ы аварга ОХУ-ын хашир туршлагатай бөх Валерия Чепсаракова, чөлөөт бөхөөс хэсэг хугацаанд завсарлаад байсан өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Алдар”-ын Б.Мөнхнар нар хүртлээ. Энэ жингийн лидерүүд болох ОУХМ Э.Нарангэрэл өнжсөн бол ОУХМ Ц.Намуунцэцэг сугалаанд оролцсон ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй.
55 кг (7): 1. Болормаагийн Дөлгөөн 2. Бат-Оршихын Болор-Эрдэнэ 3. Эрдэнэчимэгийн Сумъяа (бүгд Монгол)
Энэ жинд “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт, Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн урамтай сайхан барилдаж түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяад 4:8-аар хожигдож яваад цэвэр дарж, шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Болор-Эрдэнийг 7:2-оор ялснаар анх удаа аваргалав.
59 кг (8): 1. Баатаржавын Шоовдор (Монгол) 2. Лили (БНХАУ) 3. Алтанцэцэгийн Батцэцэг, Наранцацралын Энхтуяа (хоёул Монгол)
“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг гээд манай урдаа барьдаг хоёр шилдэг хүчтэн нэг хэсэгт багтаж хэн ялсан нь аваргалах дүр зураг харагдаж байлаа. Энэ нь ёсоор болж “Хасу-Мегастарс” клубийн хоёр мастер хагас шигшээд хоорондоо таарч насаар эгч Б.Шоовдор ялав. Гол өрсөлдөгчөө ялсан тэрбээр хагас шигшээ болон алтан медалийн төлөөх барилдаанд урд хөршийн бөхчүүдийг илт давуу ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, тус тэмцээний хошой аварга боллоо. А.Батцэцэг “Монголиа Опен”-оос зургаа дахь, спортын мастер Н.Энхтуяа анхны медалиа хүртэв.
65 кг (7): 1. Зоригтын Болортунгалаг 2. Хүрэлхүүгийн Болортуяа 3. Энхбаярын Цэвэгмид (бүгд Монгол)
Энэ жинд хамгийн цөөн буюу долоон нядхан барилдсан. Хоёр хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс хоёр тамирчин хагас шигшээд өрсөлдсөн. Алтан медалийн төлөөх барилдаанд “Аврагч”-ийн Х.Болортуяа, “Хилчин”-ий З.Болортунгалаг нар шалгарч үлдсэн. Өнгөрсөн жилийн аварга З.Болортунгалаг өрсөлдөгчөө 5:0-ээр ялснаар “Монголиа Опен”-ий хошой аварга боллоо. Х.Болортуяа гурван удаа хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж үзүүрлэсэн бол ОУХМ Э.Цэвэгмид гурав дахь хүрэл медалиа зүүв.
72 кг (8): 1. Очирбатын Насанбурмаа 2. Ганбатын Ариунжаргал 3. Найгалсүрэнгийн Загардулам, Цэрмаагийн Хулан (бүгд Монгол)
Дан манайхан барилдсан энэ жинд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин О.Насанбурмаа гурав барилдахдаа бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялан дэлхийн энтэй бөх гэдгээ харуулж, “Монголиа Опен”-д тав дахиа түрүүллээ. Тэрбээр үүнээс гадна хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болж байв. Мөнгөн медалийг “Алдар”-ын Г.Ариунжаргал, хүрэл медалийг “Хангай хайрхан уул” клубийн Н.Загардулам, Сэлэнгэ аймгийн Ц.Хулан нар хүртэв. Тэд бүгд “Монголиа Опен”-оос анхны медалиа зүүв.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо