Ази тивийн бүсийн аварга шалгаруулах шатрын “Ази тивийн 3:3” тэмцээн УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор зохион байгуулагдаж байна. БСШУСЯ, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээнд БНСУ, Индонез, Филиппин, Вьетнам, Мьянмар, Малайз, Хонгконг, Монгол гэсэн найман орны 100 гаруй шатарчин оролцож байгаа юм.
“Премиум” зочид буудалд болж буй “Ази тивийн 3:3” тэмцээн есөн өрөг үргэлжлэх бөгөөд өнөөөр зургаа дахь өргийн тоглолт болно. Энэхүү тэмцээн чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох хоёр дахь том тэмцээн бөгөөд манай улсад 55 жилийн дараа дахин болж байгаагаараа онцлог болж байна.
“Ази тивийн 3.3” тэмцээний үеэр Вьетнамын элчин сайд Доан Тхи Хыөнг, Дэлхийн шатрын холбоо Азийн 3:3 бүсийн ерөнхийлөгч Дан Тат Танг, Мьянмарын шатрын холбооны ерөнхийлөгч Маунг Маунг Лвин, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр зэрэг хүндэт зочид хүрэлцэн иржээ.
Энэхүү тэмцээний дүн 16-нд гарах бөгөөд тэмцээний алт, мөнгөн медаль хүртсэн эрэгтэй шатарчид Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг өвөртлөх бол эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.
Монгол улсаас Гавьяат тамирчин Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй 60 орчим шатарчин оюунаа сорьж байгаа бол тэмцээний ерөнхий шүүгчээр Г.Оюунчимэг ажиллаж байна.