Иргэдээс ирсэн асуултанд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх хариулж байна.
-Сайн байна уу? Аймгийн ИТХ-ын даргын дүү нь Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилогдсон. Улсын бүртгэлийн хэлтсийн даргын эхнэр нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга. Тэгэхээр энд ашиг сонирхлын зөрчил үүсэх үү?
Хэдийгээр улсын бүртгэгчийг аймгийн УБХ-ийн дарга томилохгүй ч гэсэн энэ хүнийг ажиллуулъя гэдэг саналыг Ерөнхий газартаа хүргүүлдэг. УБЕГ-ын дарга тушаал гаргаж томилдог. Энэ асуултад хариулж өгөөч.
-Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга болон улсын бүртгэгчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нь тэдгээрийг томилох асуудалд шууд нөлөөлөх болон албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй.
Харин аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын хамаарал бүхий этгээдүүд нь тухайн аймаг орон нутагт буюу харъяалах нутаг дэвсгэрт нь байрлах төрийн байгууллагад нийтийн албан тушаал хашиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар олон зүгээс “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгох үндэслэлтэй юм.
Иймд холбогдох албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил үүсэх тохиолдолд буюу дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 3.8-д заасан үндэслэлийн дагуу мэдэгдэл, тайлбарыг гаргаж холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй болно.