Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэх техникийн нөхцөлөө даруй авахыг даалгав.
Гэрэлтүүлгээс гадна камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцон, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдэг дээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм. “Бүтээн байгуулалт хийхдээ хот төлөвлөлтийн шийдлээ бодолцож, өнгө үзэмж, дизайн талаас нь анхаараарай. Яг адилхан төсөв хөрөнгөөр, адилхан материалаар хийх ч гэсэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх өвөрмөц загвартай байх ёстой шүү. Нэг сүүдрэвч хийхдээ ч өнгө үзэмж, загварыг нь бодолцоорой. Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй” хэмээн нийслэлийн Засаг дарга анхааруулав.
Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна
Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй. Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.