Ээлжийн ахлах Даваа гаригийн өглөө 10 цагт намайг
контортоо хүрээд ир! гэсэн. Би хэлснээр нь очсон. Ээлжийн ахлахсая камер
шүүж харлаа. 03.15 минутын үед болсон юм байна. Би өдөр 16 цагт тэр жолоочийг
ирэхээр уулзана.
Тэр ямар нэгэн гомдол, санал гарвал чи ажлаасаа гарч болно.
Би чиний үлдэгдэл мөнгийг цалин буухаар дансанд чинь хийгээд өгнө гэв.
Тэр 17 цагийн үед над руу яриад, жолоочтойгоо уулзсан.
Жолооч маань гомдолтой гэсэн тул чи ажилдаа битгий ирээрэй! гэж хэлсэн.
Гурван сард хүү маань Солонгос улсын Кванг ду аймгийн Дунг
Хэ дээд сургуульд суралцахаар, 10 гаруй Монгол хүүхдүүдийн хамт ирсэн.
Би ажилгүй байсан тул хүүгээ ирсний нөгөөдөр нь очиж, уулзан
холбоо барих, гар утас аваачиж өгсөн юм. Тэгж явахдаа би анх удаа далай гэдгийг
харсан юм даа…
Хүүгийн маань суралцах сургууль далайн эргийн хотод байх тул
би автобусаар далайн хөвөөгөөр явсан.
Би хүүтэйгээ дөрвөн жилийн дараа уулзаж байгаа юм. Туранхай,
өндөр их том болж, багийнхаа төрхнөөс өөрчлөгдсөн байв.
Би хүүдээ өгсөн гар утасаараа түүнтэй байнга ярьж чаддаггүй
байлаа. Тэр гар утас маань тэд нарын дундын ганц утас болсон юм…
Би гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрт арбайт хийж
байгаад, дөрвөн сараас Кванг жүдээ байр хөлслөн, ажил олгогчоос ажилд гарах
болсон.
Өдрийн 60.000 воноор ажилд гараад, ажил олгогчдоо 5.000
воноо өгдөг байлаа. Хүүгийн сургуулийн зуны амралт нь 6 сарын 15-наас эхлээд,
над дээр ирж, хамт арбайт хийж байв.
Бид хоёр хамтдаа тэнд шинээр барьж, буй дунд сургуулийн
барилга дээр ажиллаж байсан. Би байр, хоолоо бүгдийг нь даадаг.
Хүү ажлаа тарж ирээд, хоолоо идчихээд, компютoр тоглоно гээд
яваад өгнө. Явахдаа ааваа задгай мөнгө байна уу? гэж асуудаг. Би өөрийнхөө
мөнгийг хадгалаад, минийхээр л тансаглах юм аа гэдэг…
Тэгэхээр хүү: – Би \”Эрдэнэбат” гэдэг зочид буудалд амьдарч,
хоолоо захиалгаар идэж байна гээд намайг цаашлуулдаг байлаа.
Долдугаар сард хүүтэй хамт Дунг Хэ сургуульд суралцдаг найз
нь утасдаад, барилгад хамт ажиллая гэж дуудсан.
Би хүүгээ ганцааранг нь танихгүй хүмүүс рүү явуулж, барилгын
ажил хийлгээд яахав гэж бодоод, тэд нартаа хамт ажиллахаар дагаад явсан.
Цээмаагийн визний хугацаа дууссан тул долдугаар сард
Монгол буцсан. Хүү бид хоёр Сувон хотын ойролцоо, Дунг тан гэдэг шинэ
хороолол барьж буй газарт, барилгын туслах ажилчнаар ажилд орсон.
Бид хоёртой хамт 3-4 Монгол залуу, мөн тийм тооны
Солонгосчууд ажилладаг байлаа. Тэр Монгол залуучууд барилгын ажлыг 3-5
жил хийж байгаа хүмүүс юм билээ.
Тэр шинэ хорооллыг Солонгосчууд шинэ загварын хөнгөн
цагаанаар хийсэн, 280 см өндөртэй, 30, 35, 40, 45, 60 см өргөнтэй, хэвээр барьж
байсан.
Ганцхан том өрөөнд нь нүх гаргаад, түүгээрээ бүх хэвээ дээш
гаргадаг юм. Арматурын төмрийн хоёр талаас хэвээ тослож, бүх өрөөгөө угсраад
л…дээрээс нь цементлээд л…нэг давхар бэлэн болно.
Зундаа нэг хоноод, өвөлдөө 4-5 хоноод, хэвээ салгаж авдаг
юм. Хүү, хүүгийн найз, бид гурав таазны хэв салгах, дээд давхар руу гаргах, хэв
холбох түгжээ түүх гээд бусад туслах ажлуудыг хийдэг байлаа.
Би завтай үедээ дээр гарч, жорлонгийн өрөөний хэвийг
угсардаг байлаа. Надад тэгж хэв угсрах зав бараг олддоггүй. Нөгөө Монгол
залуучууд маань олон жил хийсэн болохоороо ажлыг үнэндээ гялалзуулна аа…
Анх хэв угсарч сурч байгаа хүнд, жорлонгийн өрөөний хэвийг
угсрах нь амархан гэж, Монголчууд маань зааж өгсөн юм.
Боогий хэмээх залуу надад анх таазны хэвийг яаж салгах,
тухай зааж өгч байхдаа, балконы ганц урт хэвийг заагаад, эхлээд үүнийг
унагавал, бусад нь амархан сугарна гэж хэлсэн юм.
Би Боогийг явсны дараа тэр хэвийг нь нилээн оролдож байгаад,
хэрхэн хурдан салгах аргаа олсон.
Бөөнөөрөө унаж байгаа хэвнүүд, чих дүлийрмээр их дуу
чимээтэй. Би заримдаа өөрийн эрхгүй чихээ бөглөдөг байсан. Би хоёр хүүхдээ
гэмтчих байх гэж бодоод, ганцаараа таазны хэвүүдийг салгадаг байв.
Боогий эхний үед намайг шинэ болохоор хааяа ирж, хараад
зарим зүйлийг яаж хийхийг зааж өгдөг байсан.
Боогий ирэх үедээ л чи яаж, энэ хэвийг хамгийн түрүүнд авдаг
юм бэ? Бид нар авч чаддаггүй юм гэж гайхаад байдаг байсан.
Хүү, түүний найз, бид нар 280 см урттай, 60 см өргөнтэй,
хэвээ дээшээ гаргах гэж их хөглөдөг байсан. Хүнд урт тул анх хэвтэйгээ хамт
ганхаад.. таазныхаа нүхийг олохгүй сандардаг байсан.
Уг нь бид нарыг газраас 15-20 см л өргөвөл дээрээс нь татаж
авч буй Монголчууд маань бяртай тул бид нартай хамт татаад гаргачих шахна…
Бид гурав барьж буй хорооллынхоо ойрхон, хоёр Солонгостой
хамт амьдардаг байсан. Өдөр ажил дээр идэж байгаа хоолондоо бид нар заримдаа
хоолшгүй тул би оройд гэртээ хоолоо хийнэ.
Ажил тараад бид нар хувцасаа сольж байх хоорондоо би
хүүдээ кофе хийж өгдөг байсан. Хүү хувцасаа солих гэж уддаг юм.
Тэр бүхнийг харж буй Солонгосчууд хүүг чи дандаа аавыгаа
зарлаа гэж загнадаг байсан…
Хүү найзтайгаа хамт наймдугаар сар дуустал ажиллаад,
сургууль руугаа явсан. Би өвдгөн дээрээ хэв унагаад, хэвний түгжээнд нүдээ
цохиж цус гаргаад, эмнэлэгт очсноос хойш, гэмтэхээс болгоомжилж 12 сард
ажлаасаа гарсан.
Бид нар тэр шинэ хорооллын 201, 207, 208 дугаартай байруудыг
барьсан юм. Тэдгээрээс 207 дугаартай байр нь 28 давхар хамгийн өндөр байсан.
Барилга дээр сар гаруй ажиллаад л хүүгийн маань цээж
тэвхийгээд л…хөөрхөн харагдаад л сэтгэл сэргээж билээ.
Үргэлжлэл бий
Ц.Эрдэнэбат