БНХАУ-ын Чангша хотноо үргэлжилж буй Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улс эрэгтэй, эмэгтэй багуудын төрлөөр оролцож байгаа билээ. Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр хоёр хоёр өрсөлдөгчтэй, хэсэгт хуваарилагдан оролцож байгаа болно.
Манай эрэгтэйчүүдийн баг эхний тоглолтоо Өмнөд Солонгос улстай хийж 20:14-ийн харьцаатай хожсон байна.
Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Австралийн багтай хийж 8:21-ийн харьцаатайгаар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, дараагийн шатанд тоглох эрхтэй болж байгаа юм. Тэд дараагийн шатанд Иорданы багтай маргааш буюу ням гарагт 13.10 цагаас тоглох хуваарьтай байна.
Харин эмэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр 15.15 цагаас Кыргызстан, 19.30 цагаас Казакстаны багуудтай хэсгийн тоглолтоо хийх юм байна. Энэхүү хэсгийн тоглолтуудад амжилт гарган шалгарч чадвал дараагийн шатанд шалгарч үлдэх юм.