БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны хоёрдугаар сараас садар самууныг сурталчилдаг порнографи сайтуудтай хатуу тэмцэх, цахим орчинг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар “live-streaming” үйлчилгээ үзүүлж иргэдийг садар самуунд уруу татаж байсан “Huahua” нэртэй порнографи платформыг эрхэлж байсан 20 орчим этгээдийг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Энэхүү тэмцлийн үр дүнд БНХАУ-ын эрх баригчид садар самууныг сурталчилагч порнографи веб сайтыг үндэслэгч, Филиппин улсын иргэн Хонг болон Ли нарыг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр баривчилсан байна. Уг сайтыг үндэслэгч Хонг нь Монгол Улсад оршин суудаг нэгэн бөгөөд өмнө нь Шанхай хотноо байрлах видео тоглоом хөгжүүлэгч компанийг эзэмшдэг нэгэн байжээ. Түүний хэргийг хамтран үйлдэгчдийг нь баривчилж эхлэх үед тэрээр Монгол улсаас Өмнөд Солонгосоор дамжин Филиппин улсад орогнож байсан аж.
Тэрээр өөрийн веб сайтыг ашиглан 2017 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа нууцаар явуулж эхэлсэн бөгөөд таван сарын дотор ойролцоогоор 900.000 хол давсан бүртгэлтэй үзэгчтэй болж, нийт 16 сая юань буюу 2,3 сая ам.доллар “олжээ”. Энэхүү хууль бусаар олсон мөнгөө Монголын банкуудаар дамжуулан угааж, бусад улсуудад байршуулдаг байсан нь тогтоогджээ.