Монгол Улсын Засгийн газраас хамгийн их ачаалал бүхий орон нутгийн зам болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү авто замын одоо ашиглагдаж буй хоёр эгнээг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчлэх бөгөөд авто замыг таван хэсэгт хуваан сонгон шалгаруулалтыг зарласан юм. Азийн хөгжлийн банкнаас шалгаруулалт хийх компаниудын үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрлийг ирүүлсэнээр засварын ажлыг эхлүүллээ.
Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллалаа. Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэх бөгөөд ажлыг 10 хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үүрэг болголоо.
Түр замыг тавьж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.