Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.07.08/ 11.00 цаг 07 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж даргалж, байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Х.Энхжаргалын талаар танилцуулга хийв.
Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулахаар санал хүргүүлсэн.
Хүрэлсүхийн Энхжаргал нь 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.
Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.
Одоо Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна. Нэр дэвшигч Авлигын эсрэг хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд та бүхнийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэв.
Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа Х.Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлснийг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 88.2 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.