Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаад байна.
Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1,350 см хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, цахилгаан, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр одоогоор таван хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд монгол иргэд өртсөн гэсэн мэдээлэл одоогоор байхгүй байна.
Мөн үерт автсан 19 суурингийн цахилгаан хангамжийг сэргээж 14 мянга орчим иргэнд цахилгаан эрчим хүч нийлүүлсэн гэж мэдээлж байна. Одоогоор 15 мянга орчим хүн оршин суудаг 41 суурин цахилгаангүй хэвээр байгаа аж.
ОХУ-ын Эрхүү мужийн Доод-Үд, Тайшет, Тулун, Чуна, Зима, Куйтун район дахь Бирюса, Үд, Ут, Ия, Икейка, Кирей голуудын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас сууринууд усанд автсан хэвээр байна. Өнөөдрийн байдлаар үерийн усны түвшин бага зэрэг буурч байгаа хэдий ч долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд хур тунадас их хэмжээгээр дахин орох төлөвтэй байгаа болохыг мэдэгдлээ.