Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг Хонгоос буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлалаа.
Энэхүү тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өчигдөр боллоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ, \”Нийслэлийн 9 дүүргийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг энэхүү төвийг сонгон БНХАУ-ын ард түмэн, Засгийн газраас тусламж үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүүхэд залуус та бүхэн ажил үйлс, хичээлдээ илүү их шамдаж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй. Цаашид \”Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд багачууд та бүхний эрхийг хамгаалах, амьдрах, сурах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, \”Манай хоёр орон эртний сайхан найрсаг харилцаатай. Энэхүү найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл бол өнөөдөр та бүхэнд БНХАУ-ын Ерөнхий сайдын гэргий Ченг Хонгоос ирүүлж байгаа энэ тусламж юм. Бита бүхэнд эрхэмсэг хатагтай Ченг Хонгийн чин сэтгэлийн бэлгийг гардуулж өгөх гэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд сурлагын их амжилт хүсье” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж, төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлдэгээс гадна мэргэжил олгох сургалтуудад хамруулдаг юм. Цогцолборын хэмжээнд БНХАУ-ын Бээжин, Нанжины их сургуулиудад 4 оюутан, ӨМӨЗОрны Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн мэргэжлийн сургалтад 6 оюутан, Япон Улсын Нисэхийн академын хөгжмийн сургуульд 5 сурагч суралцаж байгаа юм байна.
Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсаас БНХАУлсад суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон тус төвийн багш, хүүхэд, залуус оролцлоо.