Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулах юм байна.
Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм.