Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа \”Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах залуучуудын япон хэлний эхний ээлжийн сургалт өнөөдрөөс эхэллээ.
Сургалтын талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргалаас тодрууллаа.
-Япон хэлний сургалтад ямар хүмүүс хамрагдаж байгаа вэ?
-Өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулсан Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй залуусыг япон хэлний сургалтад бүртгэсэн. Бүртгүүлсэн залуусаас буюу 18-39 насны их, дээд сургууль, политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн хүмүүсийг суралтад хамруулж байгаа.
-Сургалт хаана явагдаж эхэлсэн мөн хэр удаан үргэлжлэх вэ?
-Эхний ээлжийн сургалт манай яамны харьяа гурван политехник коллеж дээр эхэлсэн. Ажлын өдрүүдэд өглөө 9:00 цагаас өдөр 13:00 цаг хүртэл үргэлжилж байгаа. Ийм хуваариар гурван сарын хугацаанд нийт 360 цагийн япон хэлний хичээл үзэж, анхан болон ахисан анхан шатны ярианы, сонсголын, бичгийн, дүрмийн чадварыг эзэмших ёстой.
-Сургалтыг ямар хэлбэрээр явуулахаар хөтөлбөрийг боловсруулсан бол?
-Сургалтыг насанд хүрэгчдийн хэрэгцээ, нас бие сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар буюу оролцооны аргад тулгуурлан явуулах бөгөөд тэдний санаа бодлыг сонсож, харилцан ярилцах зэрэг сонирхолтой хэлбэрээр явуулахаар Хөдөлмөрийн яамнаас боловсруулсан сургалтын хөтөлбөрт тусгасан.
-Шалгалт авна биз дээ?
-Авалгүй яах вэ. Сургалтын төгсгөлд авах шалгалтыг Япон хэлний олон улс судлалын төвтэй хамтран зохион байгуулах юм. Гэхдээ Японд дадлагажигчаар ажиллах залуусаас авах шалгалт үүгээр дуусахгүй. Дараагийн шатанд Японы ажил олгогчдоос явуулах шалгалтад тэнцэх шаардлагатай учраас сургалтад хамрагдаж байгаа залуус өөрийн хүчин зүтгэл, сурах хүсэл эрмэлзлэлээс ихээхэн шалтгаална гэдгийг ухамсарлах хэрэгтэй