Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Боловсролын зээлийн сангаас дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцах зээлийг олгодог. Өнгөрсөн жилээс тус санд шалгалт хийсэн бөгөөд үүнтэй холбогдох асуудлаар авсан арга хэмжээний талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрүүдийг гаргасан байна.
Хуралдаанаар 2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцан, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийн зээлийг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар тогтжээ.
Мөн боловсролын зээлийн сангийн барьцаанд 13 мянган диплом байгаа бөгөөд тэднийг эзэмшигчид гэрээний дагуу үүргээ биелүүлж, улс эх орондоо ажиллаж байгаа, нийгмийн даатгалаа төлж байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна.
13 гаруй мянган иргэний дипломын нийт төсөвт өртөг 16 тэрбум төгрөг байгаа бөгөөд тухайн үеийн сургалтын төлбөрөөс хамаараад 500 мянгаас нэг сая төгрөгийн сургалтын төлбөрийг зээлтэй байна.
Зээл авсан иргэд нь голч оноо нь 3.5-аас дээш дүнтэй суралцсан, төгссөний дараа төрийн байгууллагад таван жил ажиллаж нийгмийн даатгал таван жил төлсөн бол ийнхүү сургалтын зээлээс чөлөөлдөг юм. Энэхүү сургалтын зээлийн чөлөөлөлт 2008 оноос хойш хийгдээгүй бөгөөд шинэчлэгдсэн журмын дагуу диплом чөлөөлөх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж чөлөөлүүлэх ёстой.
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар зөвлөгөөн болно
Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг 2019 оны есдүгээр сард зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн шинжлэх ухааны байгууллагуудыг нэгтгэх, парк байгуулах, судалгааны нэгдсэн лабораторийг бий болгох зэрэг шинжлэх ухааны байгууллагуудтай холбоотой томоохон ажил, төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас төлөвлөж буйг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.