Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/772 дугаар захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.
Энэхүү ажлын хэсэгт нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчдын хамтарсан бүрэлдэхүүн багтаж байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгэх аж.
Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын дөрөвдүгээр зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод гурван ээлжээр 24 цагийн туршид үүрэг гүйцэтгэн ажиллах юм байна.