Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл өглөө. Энэ удаагийн хуралдаанаар зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт орших 1.2 сая га бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээ 0.83 хувиар нэмэгдэж нийт 32.8 сая га талбай болж байгаа юм.
Шинээр Улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгууд:
1. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
2. Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
4. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
5. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
6. Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
7. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
9. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авсан байна.
Хөвсгөл нуур орчмыг аялал жуулчлалын бүс нутаг болгож, эрэг орчим энэ чиглэлээр дахин газрын зөвшөөрөл олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банк болон улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг хөгжүүлэхээр тогтжээ.
Мөн Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрлийг нэмж цуцалсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг цуцлах үүргийг энэ сарын 12-нд өгсөн байна.
Архангай аймагт цуцлагдсан 13 тусгай зөвшөөрөлтэй газрууд:
1.“Өлзийт тээл” гэх газрын – 2422 га
2. “Өлийн гол” гэх газрын – 373 га
3. Шийртийн салаа” гэх газрын – 173 га
4. “Өлийн голын адаг” гэх газрын – 539 га
5. “Бодонтын ам” гэх газрын – 739 га
6. “Гүүтийн ам” гэх газрын – 114 га
7. “Харгуйтын ам” гэх газрын – 323 га
8. “Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га
9. “Улаан чулуут” гэх газрын – 144 га
10. “Ястын гол” гэх газрын – 366 га
11. “Ар чулуут 1” гэх газрын – 141 га
12. “Өлийн гол 1” гэх газрын – 1417 га
13. “Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.